SSM сургуулийн сурагчид шигелээр өвчилсөн нь тогтоогджээ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 06

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "SINGAPORE SCHOOL OF MONGOLIA " сургуулийн хоолны газраас сурагчид хордлого авсан тохиолдол өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр гарсан.

Тус сургууль болон хоолны газарт дүүрэг дэх мэргэжлийн хяналтын улсын байцаагчид хяналт шалгалт хийж, хоолны газраас лабораторийн шинжилгээнд 8 нэрийн хоол, 13 нэрийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, 9 орчны эд зүйлсийн арчдас, өрөөний агаар, төвлөрсөн шугамын унд, ахуйн ус, будаа агшаасан ус, шүүсэн ус тус бүр нэгийг авч Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторид шинжлүүлээд байсан юм.

Шинжилгээний хариу өнгөрсөн долоо хоногт гарчээ. Шинжилгээнд 109 хүн хамрагдсанаас 44 хүнээс шигел /Shigella Flexner 1a/  төрлийн нян илэрсэн байна.

Хоолны газрын ажилчид гэдэсний халдварт өвчнөөр хөнгөн балархай хэлбэрээр өвчилсөн үедээ хоол боловсруулах, савлах, түгээх үйл ажиллагаанд оролцож байсан нь халдварын эх уурхай болсон гэж мэргэжлийн хяналтын байгууллага үзсэн байна.


ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭГЭЭР

 

  • Боловсруулсан 7 нэрийн хоол, 2 нэрийн хүнсний бүтээгдэхүүн, арчдасны 1 буюу 11.1 хувь, шүүсэн усны дээжинд эрүүл ахуйн шалгуур үзүүлэлтийн зөвшөөрөгдөх хэмжээнээс нянгийн бохирдол их гарсан байна.
     
  • Нян судлалын шинжилгээнд 109 хүн хамрагдсанаас шигел /Shigella Flexner 1a/ илэрсэн нийт хүний тоо 44 байна. Үүнээс сурагчид -34, багш-8, гал тогооны- 2 ажилтан байжээ.
     
  • Төвлөрсөн шугамын унд ахуйн ус нь хими, нян судлалын шинжилгээгээр холбогдох стандартын шаардлага хангасан байна. 
     
  • Тахианы мах нийлүүлэгч 4 аж ахуйн нэгж /Импортлогч болон ханган нийлүүлэгч, жижиглэн худалдаа эрхлэгч/-ээс тахианы махыг дээжинд авч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр аюулгүй байдлын болон эрүүл ахуйн шалгуур үзүүлэлт нь Хүнсний бүтээгдэхүүн дэх бичил биетний аюулгүй байдал болон эрүүл ахуйн шалгуур үзүүлэлтийн зөвшөөрөгдөх хэмжээ MNS 6308:2012 стандартын ерөнхий шаардлагыг хангаж байна. 


ДҮГНЭЛТ
 

 

  • Тархвар зүйн тандалт судалгаа, өвчтөнд илэрсэн эмнэлзүйн шинж тэмдэг, эпидемийн муруй, нууц үеийн хугацаа, эмнэл зүйн лабораторийн нян судлалын шинжилгээний дүнг үндэслэн "SINGAPUR SCHOOL OF MONGOLIA " сургуулийн багш, сурагчдын дунд гэдэсний бүлгийн эмгэгтөрөгч нянгаар (Shigella spp) үүсгэгдсэн хоол хүнсээр дамжих өвчний дэгдэлт гарчээ. 
     
  • УНЭТО ХХК-ийн хоолны газрын ажлын байр нь эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангахгүй, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хоол үйлдвэрлэлийн өрөөний бохир зайлуулах шугам хоолой бөглөрч, бүрэн бүтэн байдал алдагдсан, халдваргүйтгэл хийлгээгүй нь халдварт өвчнийг дамжуулах хүчин зүйл, эрсдэлийг нэмэгдүүлсэн байна.
     
  • УНЭТО ХХК-ийн хоолны газрын ажилчид /тогооч О.Т, бэлтгэгч Ж.А нар/ гэдэсний халдварт өвчнөөр хөнгөн балархай хэлбэрээр өвчилсөн үедээ хоол боловсруулах, савлах, түгээх үйл ажиллагаанд оролцож байсан нь халдварын эх уурхай болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Хоолны газарт 182 хүн хоол идсэнээс эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн 84 хүн, үүнээс ХӨСҮТ-д 48 хүн хэвтэж эмчлүүлж, гэрээр өрхийн эмчийн хяналтанд 38 хүн эмчилгээ хийлгүүлжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top