“Их эзэн хаан театр” Монголд анх удаа “Ромео, Жульетта” бүрэн хэмжээний бүжгэн жүжгийг толилуулах гэж байна. Дэлхийн томоохон театруудаар тавигддаг уг бүжгэн жүжгийг Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт энэ сарын 17, 18-нд тавина. Гол дүрд Гавъяат жүжигчин О.Анужин болон А.Эрдэнэболд нар тоглох бөгөөд тус театрын балетын анги бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах юм байна.
“Их эзэн хаан театр” ТББ нь Монголын тайзын урлагийн хөгжүүлэх, сонгодог балет болон үндэсний уламжлалт ардын урлаг болох бий биелгээ, цамын бүжгийг дэлхий нийтэд таниулах, сурталчлах, хадгалан хамгаалах, өвлүүлэх үүрэгтэй. “Хунт нуур”, “Цөмөөхэй”, сонгодог модерн бүжгийн тоглолт гээд олон үзвэр үйлчилгээг үзүүлж, иргэдийн соёл боловсролд хөрөнгө оруулалт хийсэн баг хамт олон.
Дэлхий дахинаа ариун хайрын бэлгэдэл болсон энэхүү жүжгийн энэ удаагийн тоглолтын найруулагчаар Э.Дашлхагва ажиллана. Бүжгэн жүжгийн зөвлөхөөр тэргүүн найрагч Д.Урианхай ажиллаж байгаа. Тэрбээр “Хүн төрөлхтөнд дутагддаг гол зүйл бол хайр юм. Дэлхий дахинд яагаад дайн дажин, эмгэнэлт зүйлс тохиолдоод байна вэ гэхээр хайр л дутагдсаных. Хүн гэдэг амьтан бурханлиг чанарыг олохоос нааш хайрын мөн чанарыг ойлгохгүй. Монголчуудад энэ чанар үгүйлэгдэж байна” гэсэн бол гол дүр бүтээх Гавьяат жүжигчин О.Анужин “Миний хүсэл мөрөөдлийн дүр бол Жулетта. Та бүхэн нэг өдөр хайраар бялхаж өнгөрүүлээрэй” гэдгийг тоглолтын талаарх хэвлэлийн бага хурлын үеэр онцолж байлаа.
Сэтгэгдэл ( 0 )