Боксын шигшээ багийн тамирчид Шимада хотод бэлтгэл хийнэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 05 сарын 14

“ТОКИО-2020” хөтөлбөрийн хүрээнд Япон улсын Шизоүка мужийн Шимада хотын орлогч дарга Үшио Шинго, олимпийн хэлтсийн дарга Ота Наоки, албаны дарга Чихоми Мацумото, нарийн бичгийн дарга Акира Като, мэргэжилтэн Б.Бадмаа нар Монгол Улсад ирээд байна.

Айлчлалын хүрээнд Монголын боксын Үндэсний шигшээ багийн тамирчдын 2019, 2020 оны олимпийн хамтарсан бэлтгэлийн талаар санал солилцож, хамтран ажиллах гэрээ байгуулах зорилготой байлаа. Энэ дагуу өнөөдөр /2019.05.14/ БТСГ-ын удирдлагуудтай уулзаж, дараа нь Монголын боксын холбооны төлөөлөлтэй санал солилцсоны үндсэн дээр “Гурван талт гэрээ”-г байгууллаа.

Гэрээнд гарын үсэг зурах ёслолд БТСГ-ыг төлөөлж Гадаад харилцаа, статистик, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат, Монголын боксын холбоог төлөөлж Монгол улсын гавьяат дасгалжуулагч, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн, Шимида хотын орлогч дарга Үшио Шинго нар оролцлоо.

Гэрээнд гарын үсэг зурснаар Монголын боксын эрэгтэй эмэгтэй шигшээ багийн 12 тамирчин, 3 дасгалжуулагч мөн эрдэм шинжилгээ, судалгааны 3 ажилтан 2019 оны 7 дугаар сарын 19-28 өдрүүдэд Шимида хотод Японы насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багтай хамтарсан бэлтгэлд оролцоно. Хамтарсан бэлтгэлийг хугацааг товлохдоо баг тамирчдаа Японы 7-р сарын уур амьсгалд дасгах, дасан зохицох чадвар хэр байгааг судлах, шинжлэх зорилготой юм. Учир нь Токио-2020 зуны олимпийн XXXII наадам 7 дугаар сарын 24-нд эхэлнэ. Харин 2020 оны хамтарсан бэлтгэлийг талууд харилцан санал солилцсоны үндсэн дээр 1 дүгээр сард байхаар тохиролцоо. Гэхдээ энэхүү гэрээ ирэх 8 дугаар сард баталгаажих буюу Шимида хотын дарга өөрийн биеэр хүрэлцэн ирж гарын үсэг зурах юм байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top