“Берлиний агаарын гүүрийн түүхээс” хүүхдийн жүжиг тоглоно

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 15

Монгол Улс, ХБНГУ-н хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жил, Герман Улс нэгдсэний 30 жил, Берлиний Агаарын Гүүрийн 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсын соёлын элч О.Оюунтуяагийн санаачлагаар хоёр орны соёл, урлаг, боловсрол, нийгмийн найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор Монголын Урлагийн зөвлөл, Соёл, урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө ТББ, Freundeskreis der Jugendkunstschule Charlottenburg-Wilmersdorf e.V. хамтран, албан түнш Монгол Улс дахь ХБНГУ-ын эдчин сайдын яам ба ХБНГУ-ын Гадаад Харилцааны Яам, ПАШ-Түнш сургуулиудын хөтөлбөр, Конрад Аденауэр сангийн дэмжлэгтэйгээр “Берлиний Агаарын Гүүрийн Түүхээс” хүүхдийн бүжгэн жүжгийн төслийг 2019 оны тавдугаар сарын 06-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо хэрэгжүүлж байна.

Төслийн зорилго орчин үеийн бүжгээр дамжуулан хүүхэд залуучуудад урлаг, гоо зүйн боловсрол олгох, дэлхийн түүхээс суралцах боломжийг олгох замаар 2 орны хэл, урлаг, соёлын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршино. “Берлиний Агаарын Гүүрийн Түүхээс” бүжгэн жүжигт дэлхийн түүхийн нэгээхэн хэсэг болох 1948-1949 оны хүйтэн дайны үед Барууны холбоотонууд Баруун Германы бүслэгдсэн ард иргэдэд агаарын замаар хоол, хүнсний тусламж үзүүлж, олон мянган иргэдийг аварсан найрамдалт, нөхөрсөг хамтын ажиллагааг орчин үеийн бүжгийн элемент, хөгжмийн хэмнэлээр түүхэн үйл явдлыг дүрслэн илэрхийлэх богино хугацааны сургалтанд сурагчид хамрагдан тайзнаа амилуулж буйгаараа онцлог юм.

Төслийн хүрээнд ХБНГУ-ын “Faster-Than-Light-Dance” бүжгийн компаний уран сайхны удирдаач, бүжиг дэглээч, ХБНГУ-н төрийн соёрхолт Фолкер Айзенахын удирдлаган дор ПАШ-Түнш сургуулиудын хөтөлбөрийн хамтрагч Улаанбаатар хотын ЕБС болон СУИС-ийн Бадмаараг ахлах сургуулийн нийт 34 сурагч 10 хоногийн турш орчин үеийн бүжгийн эрчимжүүлсэн сургалтанд хамрагджээ.  

Уран сайхны удирдаач Фолкер Айзенахын дэглэсэн “Берлиний агаарын гүүрийн түүхээс” бүжгэн жүжгийг 2019 оны тавдугаар сарын 18-ны өдөр 17 цагт “Улаанбаатар” чуулгын тайзнаа олон нийтэд нээлттэй тоглох юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top