Багануур дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Дөл түшиг” ХХК-ийн үйл ажиллагаанд иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу хяналт, шалгалт хийлээ. Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс хамтран шалгалт явуулсан байна. Тус компанийн үйл ажиллагааг шалгахад дараах зөрчлүүд илэрчээ.
Нуман зуухыг ажиллуулахад фильтр ажиллахгүй доголдсоноос гадагш их хэмжээний утаа хаясан, БНХАУ-аас 85 ажилтан авахаар Засгийн газрын тогтоолыг гаргуулсан бөгөөд одоо ажиллаж байгаа 60 иргэний найман ажилтан нь бичиг баримтын зөрчилтэй, Монгол, Хятад ажилтнууд нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх болон хугацаат үзлэгт хамрагдаагүй, Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хийлгээгүй, Гал унтраах анхан шатны багаж зэвсэг дутуу, техник үйлчилгээ хийгдээгүй зэрэг зөрчил илэрсэн байна.
Мөн Байгаль орчны нарийвчилсан болон ерөнхий үнэлгээ хийлгээгүй, байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө байхгүй, хамтран ажиллах санамж бичиг байгуулаагүй зэрэг нийт 13 зөрчил илэрсэн аж. Дээрх илэрсэн зөрчлийг арилгуулахаар зөрчил арилгах хүртэлх хугацаагаар үйл ажиллагааг зогсоох Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн акт, албан шаардлага, галын улсын байцаагчийн хугацаатай мэдэгдэл зэргийг гарган тус компанид хүргүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )