Энэтхэгийн сансар судлалын байгууллага өнөөдөр RISAT-2B тагнуулын хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд амжилттай оруулжээ. Өтгөн үүлтэй нөхцөлд ч ажиглалт хийх чадалтай, 615 кг жинтэй энэхүү хиймэл дагуул бүхий PSLV-C46 пуужин тээвэрлэгчийг Бенгалын хоолой дахь Шрихарикота арлаас хөөргөжээ.
Ямар ч цаг агаарын нөхцөлд RISAT-2B хиймэл дагуул шөнө, өдөр ажиглалт хийх гэнэ. Энэ оны хоёрдугаар сарын 26-ны өдөр Энэтхэг улсын Зэвсэгт хүчний сөнөөгч онгоцнууд Пакистаны Балакот хотын ойролцоох алан хядагчдын “Жаиш-е-Мухаммад” буюу Мухаммадын арми гэгч бүлэглэлийн байрлаж байсан хуаранд агаарын цохилт өгсөн. Энэ талаар тухайн үед Энэтхэгийн тал олон тооны алан хядагчдыг устгасан тухай мэдээлж байсан бол Исламабадын зүгээс тухайн газарт ямар нэгэн хуаран байгаагүй бөгөөд Энэтхэгийн онгоцнууд хоосон ой модыг бөмбөгдөж, зөвхөн байгаль орчинд хохирол учрууллаа гэж мэдэгдэж байсан билээ. Тухайн үед их үүлтэй байсан тул Энэтхэгийн тал эл цохилтын үр дүнг гэрчлэх хиймэл дагуулын гэрэл зураг зэрэг нотолгоо гаргаж өгч чадаагүй юм.
Хамгийн сүүлийн үеийн тагнуулын энэ хиймэл дагуулын тусламжтай Энэтхэгийн Зэвсэгт хүчин нарийн мэдээлэл авах боломжтой болж байгаа юм. Үүнээс гадна RISAT-2B хиймэл дагуулыг хөдөө аж ахуй, модны аж ахуйн хэрэгцээнд ашиглах, байгалийн гамшгийн талаар мэдээлэл авах боломжтой юм.
Сэтгэгдэл ( 0 )