О.Гүндэгмаагаас аавдаа зориулсан суварга - "Хүн шувуу"

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 05 сарын 23

Өнөөдөр (2019.05.23) Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаагийн төрсөн өдөр. Түүний төрсөн өдөр онцгой болж байна. О.Гүндэгмаа тэмдэглэлт өдрөө аавдаа зориулжээ. Түүний аав, агаарын спортын зууны манлай тамирчин, шүхрийн болон уулын спортын ОУХМ Дагвын Отряд агсны амьдрал, спортын түүхийг мөнхөлсөн “Хүн шувуу” баримтат кино, дурсамж номын нээлт өнөөдөр болно. Энэ номыг Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, Х.Цагаанбаатар нар эмхэтгэн, баримтат киног уран бүтээлчидтэй хамтран бүтээжээ.

Амьдралынхаа сүүлийн мөчийг хүртэл шүхрийн спортоор хичээллэсэн Д.Отряд агсны намтар баян. Монголд хамгийн олон буулт буюу 3820 удаа шүхрээр амжилттай газардсан хүн бол тэр. Энэ амжилтыг өдгөө ч шинэчлээгүй байгаа.

21 аймагт шүхрийн спортыг дэлгэрүүлэх, улсын баяр наадмын үеэр сүүлийн 20 жилийн турш шүхрийн үзүүлэх буултуудыг Д.Отряд агсан мөн анх санаачилж, өнөөг хүртэл энэ үзүүлбэр монголчуудын бахархалт өдрөөр наадамчдын хүртээл болсоор байгаа.

Д.Отряд 1987 онд Сутай хайрханы (4130 м) оргилд АН-2 онгоцноос 4900 м-ийн өндрөөс шүхрийн буулт хийсэн нь дэлхийд хоёр дахь, Ази тивд болон Монголын спортын түүхэнд анхдагч амжилт болон мөнхөрчээ. Энэ амжилт ч мөн өнөөг хүртэл эвдэгдээгүй байгаа.

Энэ мэтчилэн Монголд анх агаарын бөмбөлөг, уулын шүхрийн төрлийг хөгжүүлж, дэлхийн шилдэг 10 гаруй шүхрийн үзүүлбэрийг санаачилж асан олон түүх баримтат кино хийгээд дурсамж номонд мөнхөрсөн нь лавтай.

Аавдаа алдар хүндийн энэ индрээс ухаан зарж, хүндлэл үзүүлж буй Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа танд төрсөн өдрийн мэнд хүргэе. Номын шим, спортын буян дэлгэрэх болтугай.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
v(66.181.168.8) 2019 оны 05 сарын 24

suavrga geheer ni shavar gozgor yum barij hog tarisan yum bh gesen chini ugui baij, uuchlaarai

0  |  0
Төмөрбат (202.21.127.90) 2019 оны 05 сарын 30

Энэ хүн монголын шүхэрын спортод их юм хийсэн хүн шүү энэ сайхан хүнтэй 244 183 гэсэн ангиудад хамт ажиллаж байлаа аавдаа иим сайхан юм бүтээсэн гүндэгмаад баяр хүргэе

2  |  0
Дашдаваа(203.91.115.56) 2019 оны 05 сарын 24

Номын цагаан суврага босгосонд баяр хүргэж амжилт хүсье 2020 оны олимпод захыг чинь мушгиж суугаа шүү

2  |  0
Top