ЭМЯ-ны хоёр ажилтныг авлигын хэргээр шалгаж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 24

АТГ үйл ажиллагааны талаар сар бүр ээлжит мэдээллээ хийдэг. Тавдугаар сард хийсэн ажлынхаа талаар мэдээлэл хийлээ. Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баяр “Авлигын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн боловсролын газарт зөвлөмж хүргүүлсэн. Зарим сургууль, цэцэрлэг, боловсролын байгууллагын дарга удирдлагууд авлигын хэрэгт холбогдож, шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон. Иймд дээрх байгууллагуудад зөвлөмж хүргүүлсэн.

Харин боловсролын салбарт нэг сайн жишиг бий. Сүхбаатар дүүргийн 35 дугаар сургуулийн захирал багш ажилтнуудаа сурагчдаас татаас авахгүй байх захирамж гаргасан. Энэ нь сайн туршлага болсон. Мөн МХЕГ-ийн ажилтнууд импорт, экспорттой холбоотойгоор авлигын хэрэгт холбогдсон. Иймд зөвлөмж хүргүүлсэн. МХЕГ 11 ажил, үйлчилгээг цахим хэлбэрт хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа.

Энэ сард АТГ-аас Авлигын эсрэг сургалтад 1151 хүнийг хамруулсан. Хөрөнгө орлогын өнөөдрийн байдлаар 33 албан тушаалтны хөрөнгө орлогыг хянаж байна. АТГ-аас найман хүнийг яллагдагчаар татахаар хэргийг нь прокурорт шилжүүлсэн бол 37 хэргийг хаах саналтайгаар прокурорт шилжүүлсэн. Мөн өнгөрсөн сард 33400 албан тушаалтны ХОМ-ийн хураангуйг сайтад байршуулсан. ХОМ-ийг үнэн зөв мэдүүлээгүй таван албан тушаалтанд хариуцлага тооцсон. Албан тушаалтнууд нь өөрийн болон гэр бүлийн гишүүний хөрөнгө орлогыг үнэн зөв мэдүүлээгүй нь тогтоогдсон тул албан тушаалаас нь чөлөөлөх, цалинг нь бууруулах зэрэг арга хэмжээг авч ажилласан” гэлээ.

Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баяр сэтгүүлчдийн асуултад хариулахын өмнө "Үндсэн хуульд зааснаар хэнийг ч гэм буруутай нь тогтоогоогүй байхад нэр зааж зарлах боломжгүй. Иймд хэн нэгний гэмт хэрэгт холбогдон шалгагдаж буй талаар асуусан асуултад тодорхой хариулт  өгөх боломжгүй" гэдгийг онцоллоо.

-Төрийн сайд 10 сая долларын хэрэгт холбогдсон гэдэг мэдээлэл бий. Энэ хэргийг АТГ шалгаж байгаа юу?

-Засгийн газрын сайдтай холбоотой шалгагдаж байгаа хэрэг байхгүй.

-Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудыг шалгаж байгаа. Хэргийн мөрдөн байцаалт ямар түвшинд явж байна вэ. Мөн энэ хэрэгт холбоотойгоор ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг гадаад руу гарч явсан гэдэг мэдээлэл байна?

Цагдаагийн байгууллага энэ хэргийг шалгаж байгаа учраас би одоо хэлэх боломжгүй. Цагдаагаас тодруулах хэрэгтэй байх.

-ЖДҮ-ийн зээлд холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудыг энэ хуульд зааснаар шалгах боломжгүй байна гэж та бүхэн мэдэгдэж байсан. Саяхан ЖДҮ-ийг дэмжих сангийн тухай хууль шинээр батлагдсан. Нааштай ямар өөрчлөлт орсон бэ?

-Бидний тавьсан журамд 100 хувь нийцэж байгаа гэж хэлэхгүй. Гэхдээ өмнөхөөсөө сайжирсан. Ямар шалгуураар олгох нь өмнө нь тодорхой бус байсан. Шинэ хуулиар ЖДҮ-ийн зээлийг олгох журам тодорхой болсон. Мөн УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд эрх мэдлээ ашиглаж зээл авах боломжийг хааж өгсөн гэж ойлгож байгаа. 

-Мобикомын удирдлагуудыг шалгаж байгаа юу?

-Энэ асуудлыг прокурорын байгууллагаас тодруулсан дээр байх. Надад ийм мэдээлэл ирээгүй байна.

-ЭМЯ-ны хоёр ажилтанг АТГ-аас саатуулан шалгаж байгаа. Энэ хоёр хүнийг ямар хэрэгт шалгаж байгаа вэ. Засгийн газрын гишүүн 10 сая долларын хэрэгт холбогдсон асуудалтай холбоотой юу?

-Эм ханган нийлүүлэгч байгууллагаас хахуул авсан хэргээр энэ хүмүүсийг шалгаж байгаа. Энэ хэрэг 10 сая долларын асуудалтай холбоотой үгүйг хэлж мэдэхгүй байна.

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бхтхүү(112.72.12.14) 2019 оны 05 сарын 25

Наад 10 саяыг шалгаж дийлэхгүй байхдаа одоо хэнд итгэхээ мэдэхээ байлаа баттулга ерөнхийлэгч арай бишээ орон гаран юм шиг айлын эцэг хүн ийм байж болохгүй байхаа эсвэл харь гөригаас бууж ирэв үү саяхан элвэгдоржийн хэргийн матёриал гээд баахан цаас өгсөн одоо болсон чинь зих хурал тараах засаг огцруулах юм болоод чвчихлаа

0  |  0
bb(202.126.89.195) 2019 оны 05 сарын 24

ard tumnihee tusin tuld ih zuil hiine gej naidaj bgaa shuu oort chini.

0  |  0
Top