Өнөөдөр /2019.05.27/ Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлэл хийж, хөрөнгийн зах зээл, даатгалын зах зээл, Банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж, зээлийн хоршоод энэ оны эхний улирлын байдлаар ямар үзүүлэлтүүдтэй байгааг танилцууллаа.
Хөрөнгийн зах зээл- Зах зээлийн үнэлгээ ДНБ-ий 7.6 хувьтай тэнцэж байна
Энэ оны эхний улирлын байдлаар 54 үнэт цаасны компани СЗХ-ноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байна. Үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ нэгдүгээр улиралд 2,456.5 тэрбум төгрөгт хүрчээ. Зах зээлийн үнэлгээг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 134.2 тэрбум төгрөгөөр буюу 5.2 хувиар буурч, 2018 оны жилийн эцсийн ДНБ-ий дүнд харьцуулахад 7.6 хувьтай тэнцсэн бөгөөд нийт зах зээлийн үнэлгээний 90.4 хувийг 30 компанийн үнэлгээ бүрдүүлж байна. Түүнчлэн ТОП-20 индекс өмнөх оны мөн үеийн байдлаас 195.75 нэгжээр буюу 0.93 хувиар буурчээ.
Оны эхний улирлын байдлаар “Монголын хөрөнгийн бирж” ХК болон “Монголын үнэт цаасны бирж” ХК-аар дамжуулан нийт 49.3 тэрбум төгрөгийн арилжаа хийгджээ. Нийт арилжааны дүнг задлан авч үзвэл, МХБ-ийн анхдагч зах зээлийн арилжаагаар нийт 15.3 тэрбум төгрөгийн хувьцаа, хоёрдогч зах зээлийн арилжаагаар 29.1 тэрбум төгрөгийн хувьцаа, 4.9 тэрбум төгрөгийн ЗГҮЦ, МҮЦБ-ийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 50 сая төгрөгийн компанийн өрийн хэрэгсэл, 9.6 сая төгрөгийн хувьцааг тус тус арилжаалав.
Даатгалын зах зээл- Нөхөн төлбөрийн зардал 8.8 хувиар өссөн
Тухайн зах зээлийн хэмжээг илэрхийлэх гол үзүүлэлтүүдийн нэг болох нийт хөрөнгийн хэмжээ даатгалын салбарын хувьд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 26.8 хувиар өсөж 327.6 тэрбум төгрөгт хүрсэн. Даатгалын салбарт давхар даатгалын нэг компани нэмэгдсэнтэй холбоотойгоор даатгалын салбарын хөрөнгийн бүтцэд өөрчлөлт гарсан ба давхар даатгалын нийт хөрөнгийн салбарын үзүүлэлтэд эзлэх хувь хэмжээ өнгөрсөн оны мөн үед 17.1 хувь байсан бол нэгдүгээр улирлын байдлаар 21.3 хувь болж өслөө. Салбарын нийт хөрөнгийн 75.9 хувийг ердийн даатгалын компаниудын хөрөнгө, 2.8 хувийг урт хугацааны даатгалын компанийн хөрөнгө тус тус эзэлж байна.
Харин нийт хураамжийн орлого өмнөх оны нэгдүгээр улирлаас 8.5 хувиар өсөж 38.3 тэрбум төгрөг болов. Энэхүү өсөлтийн 98 хувийг ердийн даатгалын компаниудын нийт хураамжийн орлогын өсөлт бүрдүүлэв. Хураамжийн орлогын төвлөрүүлэлтийг авч үзвэл даатгалын зуучлагчид 7.1 тэрбум төгрөг буюу 18.5 хувийг, даатгалын төлөөлөгчид 8.7 тэрбум төгрөг буюу 22.7 хувийг бүрдүүлсэн байна.
Даатгалын компаниудын нийт нөхөн төлбөрийн зардал нэгдүгээр улиралд 12.6 тэрбум төгрөгт хүрч, нийт хураамжийн орлогын 32.8 хувийг эзлэв. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нөхөн төлбөрийн зардал 8.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үүнээс ердийн даатгалын компаниудын нөхөн төлбөр 99 хувийг бүрдүүлж байна.
Даатгалын компаниуд өөрийн хүлээж авсан эрсдэлээ шилжүүлэх зорилгоор давхар даатгалын компанид даатгуулдаг. Манай орны хувьд дийлэнх даатгалын компаниуд гадны давхар даатгалын компанид эрсдэлээ даатгадаг ба тайлант улиралд даатгалын компаниуд нийт 12.5 тэрбум төгрөгийн давхар даатгалын хураамжийн зардалтай ажилласан нь өмнөх оны мөн үеэс 0.5 хувиар буурсан үзүүлэлт бөгөөд нийт хураамжийн орлоготой харьцуулахад 32.6 хувь байна.
Тайлант улиралд даатгалын компаниудын цэвэр ашиг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 55.4 хувиар өсөж 5.5 тэрбум төгрөг болсон байна. Салбарын өөрийн хөрөнгийн өгөөж 3.9 хувь, нийт хөрөнгийн өгөөж 1.7 хувь байна.
Банк бус санхүүгийн байгууллага- Нийт зээлийн үлдэгдлийн 84.2 хувь иргэдийн зээл
Санхүүгийн зах зээлд нийт 539 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй банк бус санхүүгийн байгууллагууд нь нийт 10 төрлийн үйлчилгээг тусгай зөвшөөрлийн дагуу эрхлэх боломжтой байдаг. Үүнээс тайлант улиралд нийт байгууллагуудын дийлэнх нь буюу 91.5 хувь нь зээлийн үйл ажиллагааг эрхэлж, 8.5 хувь нь зөвхөн гадаад валют арилжааны үйлчилгээг дагнан эрхэлж байна.
Нийт хөрөнгийн хэмжээ 2019 оны 1 дүгээр улирлын байдлаар 1.4 их наяд төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеэс 33.3 хувь буюу 348.7 тэрбум төгрөгөөр өссөн байна. Активын бүтцээс харвал салбарын хөрөнгийн өсөлтийн 77.1 хувийг зээлийн өсөлт, пассивын бүтцээс харвал 53.6 хувийг хувь нийлүүлсэн хөрөнгийн өсөлт тус тус бүрдүүлж байна.
Нэгдүгээр улиралд банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн нийт үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 268.8 тэрбум төгрөгөөр буюу 38.0 хувиар өсөж, 975.5 тэрбум төгрөгт хүрлээ. Нийт зээлийн үлдэгдлийн 84.2 хувийг иргэдийн зээл, 15.8 хувийг хуулийн этгээдийн зээлийн үлдэгдэл бүрдүүлж байна. Зээлийн чанараар ангилан харвал 86.8 хувийг хэвийн зээл, 4.1 хувийг хугацаа хэтэрсэн зээл, 9.1 хувийг чанаргүй зээл тус тус эзэлж байна. 2019 оны 1 дүгээр улирлын байдлаар салбарын чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь 11.1 байсан бол тайлант улиралд уг үзүүлэлт 2.0 нэгжээр буурч, зээлийн чанар сайжирсан байна.
Мөн салбарын зээлийн нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн үйлчилгээний хүртээмж сайжирсан бөгөөд салбарын зээлдэгчдийн тоо өмнөх оны мөн үеэс 1.9 дахин нэмэгдэж 263.9 мянга хүрсэн бол нийт харилцагчдын тоо өмнөх оны мөн үеэс 1.2 дахин нэмэгдэж 1.7 саяд хүрсэн дүнтэй байна. Зээлийн үйлчилгээний хүртээмжийн уг өндөр өсөлт нь зээлийн нийлүүлэлтээс гадна технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд нэвтэрч эхэлсэнтэй холбоотой юм. Харин зээлийн бүтээгдэхүүний үнэ болох сарын жигнэсэн дундаж хүүгийн түвшин 2019 оны нэгдүгээр улирлын байдлаар 3.4 хувьтай байгаа бөгөөд хүүгийн түвшин өмнөх оны мөн үетэй ижил түвшинд байна.
Тайлант улиралд салбарын нийт орлого өмнөх оны мөн үеэс 32.7 хувиар өсөж, 75.4 тэрбум төгрөгт, нийт ашиг 69.9 хувиар өсөж, 31 тэрбум төгрөгт хүрсэн ба нийт банк бус санхүүгийн байгууллагуудын 80.5 хувь нь 34.6 тэрбум төгрөгийн ашигтай, 15.8 хувь нь 3.6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж, үлдсэн 3.7 хувь нь тайлант улиралд үйл ажиллагаа явуулаагүй байна. Салбарын ашигт ажиллагааны үзүүлэлтүүд болох нийт хөрөнгийн өгөөж 2.5 хувь, өөрийн хөрөнгийн өгөөж 3.3 хувьтай байгаа ба өмнөх оны мөн үеэс 0.6, 0.8 хувиар тус тус өссөн дүнтэй байна.
Хадгаламж, зээлийн хоршоо- 100 төгрөгийн орлого олохын тулд дунджаар 27 төгрөгийн зардал гаргаж байна
Санхүүгийн зохицуулах хорооноос хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй 282 ХЗХ, нийт 27 салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна. ХЗХ-дын нийт гишүүдийн тоо өнгөрсөн оны мөн үеэс 15 хувиар өсөж тайлант улиралд 66,296 боллоо.
ХЗХ-дын нийт хөрөнгийн хэмжээ 211.7 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 31.7 хувийн өсөлтийг үзүүлжээ. Салбарын нийт хөрөнгийн 83.4 хувийг нэг тэрбум төгрөгөөс дээш хөрөнгөтэй 20 ХЗХ, 12.9 хувийг 100 саяас нэг тэрбум хөрөнгөтэй 120 ХЗХ, үлдсэн буюу 3.7 хувийг 100 саяас доош хөрөнгөтэй 142 ХЗХ-д бүрдүүлж байна. Салбарын активын бүтцээс харвал нийт хөрөнгийн өсөлтийн 77.8 хувийг зээлийн өсөлт, пассивын бүтцээс харвал 84.4 хувийг хадгаламжийн өсөлт тус тус бүрдүүлж байна.
Салбарын нийт зээлийн үлдэгдлийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 33.6 хувиар өсөж 157.6 тэрбум төгрөгт хүрсэн байна. Харин цэвэр зээлийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 33.1 хувиар өсөж 152.8 тэрбум төгрөг, зээлийн эрсдэлийн сан 49.6 хувиар өсөж 4.7 тэрбум төгрөгт хүрчээ. Мөн нийт зээлийн 93.7 хувийг хэвийн зээл, 2.5 хувийг хугацаа хэтэрсэн зээл, 3.8 хувийг чанаргүй зээл эзэлж байна. Нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хувь өнгөрсөн оны мөн үеэс 1.8 пунктээр буурч 3.8 хувьд хүрчээ.
Мөн салбарын нийт хадгаламжийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 39.8 хувиар өссөн бөгөөд түүний 98.1 хувийг хугацаатай хадгаламж, 1.9 хувийг хугацаагүй хадгаламж бүрдүүлж байна. ХЗХ-дын нийт орлого өмнөх оны мөн үеэс 29.3 хувиар өсөж 12.6 тэрбум төгрөгт хүрсэн бол цэвэр ашгийн хэмжээ 2.0 хувиар буурч 0.45 тэрбум төгрөг боллоо. Салбарын хэмжээнд нийт 282 ХЗХ үйл ажиллагаа явуулж байгаагаас 194 ХЗХ нь 1 тэрбум төгрөгийн ашигтай, 74 ХЗХ 0.5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан бол14 ХЗХ ашиг, алдагдалгүй ажилласан байна.
Түүнчлэн хадгаламж, зээлийн хоршоодын өөрийн хөрөнгийн өгөөж 1.8 хувь, нийт хөрөнгийн өгөөж 0.3 хувь байгаа бол гишүүдэд олгож буй зээлийн хүүгийн орлогын нийт зээлд эзлэх хувь өмнөх оноос 0.2 пунктээр буурч 7.7 хувьд хүрчээ. Харин ХЗХ-дын үйл ажиллагааны зардал ба нийт орлогын харьцаа тайлант улиралд 26.9 хувь гарч өмнөх оноос 0.3 пунктээр буурчээ. Энэ нь ХЗХ-д 100 төгрөгийн орлого олохын тулд дунджаар 27 төгрөгийн зардал гаргаж байна гэсэн үг юм.
Сэтгэгдэл ( 0 )