ҮХСЭН ХҮНИЙ ҮГЭНД ҮНДЭСЛЭН ОЛБОРЛОЛТЫН ЭРХЭЭ ХУУЛЬ БУСААР АВЧЭЭ
Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён, Баяндалай сумдад “Хариуцлагатай уул уурхай” сэтгүүлчдийн баг энэ сарын 23-26-ны өдрүүдэд ажиллалаа. Бид эхний өдрөө /2019.05.23/ Өмнөговь аймгийн Даланзадгад хотод ажиллаж, тус аймагт уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй компаниуд, уул уурхайн сөрөг нөлөөлөл болон тулгамдаж буй асуудлуудтай танилцаж түүний хүрээнд сурвалжилга бэлтгэхээр болсон юм.
Өмнөговь аймгийн хувьд өнөөдрийн байдлаар хайгуулын тусгай зөвшөөрөлтэй 108, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 99 лиценз олгогдоод байгаа аж. Үүнээс стратегийн гэж нэрлэгдэх Таван толгой, Оюу толгой, Нарийн сухайтын ордууд Цогтцэций, Ханбогд, Гурван тэс сумдын нутаг дэвсгэрт багтжээ. Тодруулбал, Ханбогд суманд Оюутолгой ХХК, Цогтцэций суманд “Эрдэнэс таван толгой” ХХК, “Таван толгой” ХХК, “Энержи ресурс” ХХК, Гурвантэс суманд “МАК” ХХК, “Чинхуа МАК” ХХК, “Саусгоби сэндс” ХХК болон “Өсөх зоос” ХХК үйл ажиллагаа явуулж байна.
Өмнөговь аймгийн Уул уурхай, дэд бүтэц, байгаль орчны асуудал хариуцсан орлогч дарга С.Мөнхбаяр “Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрийн 9 хувь нь уул уурхайн ашиглалт болон хайгуулын лиценз олгогдсон байна. Хайгуул болон ашиглалтын лицензийн хэмжээ сүүлийн жилүүдэд өөрчлөгдөж хайгуулын лиценз багасаж, ашиглалтын лиценз нэмэгдэж байгаа.
Стратегийн ордуудад ажиллаж байгаа компаниудаас гадна Гурвантэс сумын нутагт, Жавхлант орд төсөл, “Сауд гоби коал транс” ХХК, АГМ майнинг гэх алтны уурхай, Ноён сумын нутагт “Терра энержи” ХХК, Мандал овоо суманд “Олон овоот гоулд” ХХК, “Зөв зүг” ХХК ажиллаж байна. Харин Номгон сумын нутагт “Дун юань” ХХК, Ханхонгор суманд “Хангад эксплорэйшн” ХХК, Баян-Овоо суманд “Мөнх ноён суварга” зэрэг компаниуд үйл ажиллагаа явуулж байна.
Эдгээр уул уурхайг дагаад сумдад автозамын бүтээн байгуулалтын ажлууд яригдаж байгаа. Сүүлийн жилүүдэд орон нутгийн төсвийн хөрөнгөөр 80 гаруй км хатуу хучилттай зам барьсан. Баяндалай сумаас цааш Гурвантэс сум хүртэл шороон зам байгаа. Энэ замыг ядаж сайжруулсан зам болгох цаашлаад хатуу хучилттай зам болгох шаардлага бий болсон. Энэ тал дээр Баяндалай, Сэврэй, Ноён сумын иргэд шаардлага тавин ажиллаж байгаа. Өнгөрсөн жилийн хувьд аймгийн уул уурхайн салбараас улсын төсөвт төвлөрүүлсэн нийт орлогын 0.008 хувь нь Өмнөговь аймагт эргээд хуваарилагдаж ирсэн байдаг” гэлээ.
Энэхүү уулзалтын үеэр дээр нэр дурдагдсан уул уурхайн компаниудаас хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй хэд хэдэн компани бий гэдгийг онцолсон юм. Тухайлбал, Номгон сумын нутагт олборлолт явуулдаг “Дун юань” ХХК хууль бусаар олборлолт явуулсан гэх үндэслэлээр үйл ажиллагааг нь зогсоожээ.
Харин Гурвантэс сум, Тост тосон бумбын нуруу орчимд үйл ажиллагаа явуулж буй “Сауд гоби коал транс” компани нь удаа дараа хууль зөрчиж байгаа ч үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсаар байна. Энэ компанийн хууль бус ажиллагааг зогсооход орон нутгийн удирдлагууд ч хүчин мөхөсдөж буй гэдгээ нуулгүй хэлж байв.
Гурвантэс сумын Тост багын нутаг дэвсгэрт дэлхийд нэн ховордсон цоохор ирвэс нутагладаг бөгөөд байгалийн унаган төрхөө хадгалж үлдсэн баян бүрдүүд, Хөвд, Хуршуутын гол, тариалангийн талбай зэрэг оршдог. Эдгээр нь нийлээд Монгол Улсын өмнийн говийн экологийн бүс нутгийн хамгийн чухал хэсэг учраас зайлшгүй хамгаалалтад авах шаардлагатай. Тус бүс нутагт уул уурхайн үйл ажиллагаа явуулснаар байгаль орчин, зэрлэг ан амьтад, хүн малын амьдралд сөргөөр нөлөөлнө гэдгийг олон улсын судлаачид тогтоосон байдаг.
Тиймээс 2014 онд орон нутгийн ИТХ-ын тогтоолоор Тост, тосон бумбын нуруу орчмын 668.923 га газрыг тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргажээ. Энэ шийдвэрийн дараа Засгийн газрын 2015 оны 512 дугаар тогтоолоор Газар нутгийг нөөцөд авсан хилийн цэсийг тогтоосон байдаг. Ингэхдээ “Сауд гоби коал транс” компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газрыг хамгаалалтаас гадуур үлдээжээ. Өөрөөр хэлбэл, орон нутгаас гаргасан саналыг Засгийн газар үл тоож, тухайн үеийн сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн эзэмшлийн “Сауд гоби коал транс” компанийн ашиглалтын лицензтэй талбайг хамгаалалтын бүсэд багтаалгүй үлдээсэн юм.
Ийнхүү Сангийн сайд асан Б.Чойжилсүрэнгийн “Сауд гоби коал транс” компани тусгай хамгаалалтын бүсийн гадна үлдсэнээр 2017 онд үйл ажиллагаагаа эхлүүлж, өнөөдрийн байдлаар өдөрт 50-60 орчим машин нүүрс тээвэрлэж байна. Түүнчлэн уурхайн олборлолт явуулж буй хэсэгт зүмбэний ус үүсч, Хүрэн шандын булагийн их хэмжээний гүний ус оргилон гарч ирсэн гэх ба үүний улмаас ойр орчмийн гол, булаг шанд ширгэх нөхцөл бүрдээд байгаа гэдгийг нутгийн иргэд хэлж байсан юм.
Иймд манай сурвалжлах баг Тостын нурууг даган үйл ажиллагаа явуулж буй “Сауд гоби коал транс” компанийн уурхайн ажиллагаатай танилцах, тухайн компанийн удирдлагуудын байр суурийг хүргэх, эргэлзээтэй асуудлуудад тайлбар авахаар Гурвантэс сум, Тост тосон бумбын нурууг зорилоо.
-БУЙЛСЫН ОЙГ ХУСАЖ ХАНГАМЖИЙН ЗАМ ГАРГАЖЭЭ-
Тост, тосон бумбын нуруу нь Гурвантэс сумын төвөөс 50 км зайд орших ба “Сауд гоби коал транс” компанийн уурхайн кэмп рүү явах замд дэлхийд нэн ховордсон Буйлсын ойн эхлэл харагдаж байлаа.
Буйлс нь дэлхийд нэн ховордож буй ургамлын тоонд багтана. Энэхүү ургамал нь дэлхийн хэмжээнд 3300 ширхэг байдгаас Монгол Улс, Өмнөговь аймагт 1200 орчим буйлс бүртгэгдсэн байдаг. Энэхүү бутлаг ургамал нь говийн хөрсөн доор байх усны судлыг хавж ургадаг. Ингэснээр экосистемийг хадгалж үлдэхэд хамгийн чухал нөлөөтэй ургамал ажээ. Харин буйлсан ойн дундуур “Сауд гоби коал транс” компани уурхайн хангамжийн шороон зам хусаж гаргасан байх ба хэдэн зуун буйлс хядагдан үгүй болжээ.
Ийнхүү устаж үгүй болж буй буйлсан дундах зам биднийг хөтөлсөөр “Сауд гоби коал транс” компанийн кэмпэд хүргэлээ. Биднийг очиход уурхайн Хөдөлмөр аюулгүй байдлын инженер Н.Дэмүүл угтаж авсан бөгөөд мэдээлэл авах, сурвалжлага хийх хүсэлтийг хүлээн авсангүй.
Түүгээр зогсохгүй уурхайн талбай руу орохыг хүссэн сэтгүүлчдийг хөөж, уурхайн хаалгыг 150 гаруй ажилтан хамгаалан зогссон юм. Сэтгүүлчдийн сурвалжлах баг ирж байгаа гэх мэдээллийг уурхайн зүгээс өмнө нь авсан байсан бөгөөд уурхайн үйл ажиллагааг бүтэн өдрөөр зогсоож, олборлолт болон тээвэр хийлгүй ажилчдаа амрааж байсан тухай зарим уурхайчид бидэнд мэдээлсэн. Улмаар биднийг очих үед амарч байсан ажилчдыг яаралтай цуглуулж автобусаар зөөн авч ирсэн нь айдас төрүүлэм байлаа.
Нөхцөл байдал ийн хурцдаж эхлэх үед уурхайн дарга Т.Мөнхбат гарч ирэн, зарим сэтгүүлчдийг уурхайд оруулахгүй гэх болзол тавьж, бид болзлыг зөвшөөрснөөр уурхайн олборлолтын талбайд орохоор боллоо.
Уурхайн инженерийн хэлж буйгаар, олборлолтыг хоёр талаас эхэлж нэг ам болсон гэх ба олборлолт явуулж буй талбайд ямар нэг гүний ус ундарч, гарч ирсэн зүйл огт байхгүй гэдгийг дахин дахин батлан хэлж байв. Түүнчлэн буйлсан ой дундуур гаргасан сайжруулсан замын талаар асуухад Хөвдийн заставынхны хүсэлтээр ийнхүү замыг өргөсгөж зассан гэсэн юм. Гэтэл бид уурхайгаас гарч Хөвдийн застав баруун тийш эргэмэгц тэдний засаж сайжруулсан зам дуусгавар болсон нь энэ замаар “Сауд гоби коал транс” компани аж ахуйн хангамжаа тээвэрлэдэг гэх иргэдийн мэдээлэл баталгаажсан билээ.
Бид уурхайгаас баруун тийш явж Хөвдийн голын сайр, Тооройн төгөлд очив. Хөвдийн голд очихдоо газрын гадарга дээр нарийн гол урсаж байгаагаар төсөөлж байсан юм. Гэтэл говь нутгийн гол, булаг шанд нь хөрсөн доогуураа урсаж байдаг ба эдгээр усны судал голын сайруудад дээш гарч ил болдог гэдгийг нутгийн иргэн тайлбарлаж хэллээ. Энэхүү усны судал нь хэдэн мянган км-т үргэлжлэх ба булаг шанд сайруудыг хөрсөн доогуур тэтгэн урсдаг ажээ.
Гэтэл мянга мянган булаг шандыг тэтгэж буй усны судлын хагалбар хэсэгт “Сауд гоби коал транс” компанийн уурхай ажиллаж байна. Уурхайн олборлолт эхэлснээр Хүрэн худаг, Билүүтийн гол, Хөвд, Хуршуутын гол сүйдэж ширгэх бодит аюулд оржээ. Уурхайн олборлолт хийж эхлэнгүүт дээрх усны судал хагарч “Сауд гоби коал транс” компанийн уурхайн нэгдүгээр ам тэр чигтээ усанд автсан бөгөөд тус аманд олборлолт явуулах боломжгүй болоод байгаа аж. Дээрх мэдээллийг баримтаар баталгаажуулахаар бид уурхайн нэгдүгээр амыг зорьж очсон боловч хамгаалагч нар уурхайн бүс хэмээн оруулахаас татгалзаж байв. Гэсэн ч манай зураглаач мэргэжлийн ур чадвар гарган, уурхайчдын нууж байсан нэгдүгээр амны дүрсийг камерын хальснаа буулгаж авсан юм. Ийнхүү уурхайн удирдлагууд ашиглалтын талбайд ус байхгүй, уурхайн нөлөөллийн улмаас ойр хавьд булаг шанд сүйдсэн зүйл байхгүй хэмээн итгэлтэй хэлж байсан тэдний үг худал болох нь батлагдлаа.
Ийнхүү Тостын нуруунаас 20 хүрэхгүй км зайд үйл ажиллагаа явуулж буй “Сауд гоби коал транс” компанийнхнаас тодруулсан бүх зүйлс худал болохыг бид нүдээр үзэж итгэсэн юм.
Харин энэ байдлыг нутгийн иргэд эртнээс мэдэж байсан ч энэ тухай ярьсан иргэдийг уурхайн төлөөлөл, сумын цагдаагаас эхлээд дарамталж иржээ. Тиймээс иргэдийн зүгээс энэ уурхайн үйл ажиллагааг сурвалжлахаар ирсэн хэвлэл мэдээллийнхэнд талархаж байгаагаа илэрхийлээд, “Сауд гоби коал транс” компанийн уурхайн үйл ажиллагааг зогсоох шаардлагатай гэдгийг хэлж байлаа.
Х.МАНДАХБАЯР: УУРХАЙН ХААЛГААР НУТГИЙН ИРГЭН ДАВЖ БОЛДОГГҮЙ ЮМ БОЛ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ДАВАХ БОЛНО
Гурвантэс сумын иргэдийн уулзалтын үеэр сурвалжлагын багт ажиллаж буй сэтгүүлч Х.Мандахбаяр “Уурхайн үйл ажиллагаа эхэлсэн цагаасаа Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж иржээ. Олборлолт эхлэхийн өмнө холбогдох баримтуудыг хууль бусаар үйлдсэн байна. Энд нэг жишээ дурдахад, Тост багийн дарга Н.Галаахүү нь ИТХ-ын даргын өмнөөс хурал хийсэн протокол үйлдэхдээ нас барсан Г.Балжинням гэдэг хүнийг зөвшөөрсөн үг хэлсэн болгож өөрийнхөө тамгыг бүдэг дарж төөрөгдүүлэн хууль бус акт үйлдсэн.
Мөн 4-р багийн хурлыг болоогүй байхад иргэд зөвшөөрсөн хэмээн хурлын тогтоолыг хуурамчаар үйлдсэн. Энэ тогтоолыг цагдаа, прокурорын байгууллага хуурамч гэдгийг тогтоосон хэдий ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх шалтгаанаар хаажээ. Харин энэхүү хүчин төгөлдөр бус баримт бичигт тулгуурлан олборлолт явуулах эрхээ авсан байдаг. Түүнчлэн өнөөдөр бид уурхайн нэг ам бүхлээрээ усанд автсан байхыг баталгаажууллаа. Байгаль орчинд асар их хохирол учруулж байгаа энэ хууль бус үйлдлээ уурхайн удирдлагууд ард иргэдээс, Монгол улсын Засгийн газраас нуухыг завдаж байна. Түүгээр ч зогсохгүй Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг зөрчиж, шороон замаар нүүрсээ зөөж байна. Өдөртөө 40-60 машин нүүрс урагшаа гаргаж байгаа. Үүнийг иргэд хараад, тоолоод суудаг. Үнэндээ тэдэнд үүнээс өөр гарц, арга байхгүй байна.
Тиймээс хаах хангалтай үндэслэл байна. Энэ бол бидний эцсийн сонголт. Бид ийм л сонголтод тулж ирээд байна. Биднийг очих үед уурхайн ажилчид сэтгүүлчдийн биед халдаж, камер эвдэж маш дээрэнгүй харилцаж байна. Нутгийн иргэдэд ямар байдлаар ханддаг нь үүнээс маш тодорхой харагдаж байгаа юм. Энэ уурхайн амаар нутгийн иргэн нь орж чаддаггүй юм бол, нутгаа ямархан янзтай сүйдэж байгааг харж болдоггүй юм бол Монгол Улсын хууль уурхайн амаар давах цаг ирнээ” гэлээ.
Мөн Гурвантэс сумын иргэн Э.Сэржмядаг хэлэхдээ “Би залуу малчин хүн. Манай нутаг бол онгон дагшин сайхан байгальтай газар. Миний нутагт уул уурхай явуулж эхэлснээс хойш уул ус минь хилэгнэж байна. Чойжилсүрэн болон нутаг усыг ухаж, сэндийчэж байгаа бүх хүмүүст анхааруулж хэлмээр байна. Та нар зогсохгүй л бол нутаг ус минь хилэгнэж эхэлсэн шүү. Иргэд бид ч хүлцэнгүй байж ханалаа. Тиймээс бүгдээрээ нэг санаатайгаар тэмцье” хэмээв.
УУРХАЙГ ХААХ ҮНДЭСЛЭЛ БАЙГАА ГЭДГИЙГ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРААС МЭДЭЭЛЖЭЭ
Бидний цуглуулсан баримтаар “Сауд гоби коал транс” компани нь хүчин төгөлдөр бус баримт бичгийг үндэслэн олборлолт явуулахэрхээ олж авсан, уулын ажлын хэмжээ болон нүүрсний экспортын хэмжээ гэх мэт мэдээллийг Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газарт өнөөдрийг хүртэл хүргүүлээгүй байгаа аж. Мөн нүүрсний тээврийн замын зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг ч орон нутгийн захиргаанд мэдэгдээгүй байх ба замын транс тогтоолгох, байгаль орны нарийвчилсан үнэлгээ зэргийг хийлгэлгүйгээр хууль зөрчин ажилласаар байгаа юм. Түүнчлэн тус компани нь сайжруулсан шороон замаар өдөртөө 40-60 машин нүүрс тээвэрлэж байгаа ба энэхүү үйлдэл нь Засгийн газрын 2018 оны 379 дүгээр тогтоолоор батлагдсан “Тусгай зориулалтын авто зам, зам байгууламж барих, ашиглах журам”-ын 2.3-д “Авто зам, замын байгууламжийг холбогдох стандарт, норм, норматив, техникийн баримт бичгийн дагуу хатуу хучилттай барина” гэсэн заалтыг зөрчсөөр иржээ.
Дээрх баримтууд нь “Сауд гоби коал транс” компанийн уурхайн үйл ажиллагааг зогсоох хангалттай шалтгаан юм. Гэвч орон нутгийн удирдлага, сум, баг, аймгийн ИТХ, Өмнөговь аймгийн Засаг дарга хүртэлх бүхий л албан тушаалтнууд энэхүү хууль бус компанийн өмнө хүчин мөхөсдөж байгаагаа хэлж буй. Учир нь энэ компанитай холбоотой бүхий л шийдвэр, зөвшөөрөл холбогдох яамд, газруудаар буюу дээгүүр шийдэгдсээр өнөөдрийг хүрчээ. Харин энэхүү хууль бус уурхайн ажиллагааг зогсоох эрхзүйн боломж нь зөвхөн мэргэжлийн хяналтын газарт байдаг. Тиймээс Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус уурхайд өнгөрөгч дөрөвдүгээр сард төлөвлөгөөт шалгалт оруулжээ. Улмаар улсын хууль тогтоомж, норм норматив зөрчсөн гэсэн үндэслэлээр 31 шаардлага бүхий хугацаатай акт хүргүүлээд байгаа аж.
Энэ мэт хууль илтэд зөрчин үйл ажиллагаа явуулж буй “Сауд гоби коал транс” компанийн уурхайг хаацайлж байгаа эрх мэдэлтнүүдээс, Худалдаа хөгжлийн банк, Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн нараас уух ус, амьдралаасаа хагацаж буй говийн иргэд хариуцлага нэхэж, уурхайн ажлаа зогсоохыг шаардаж байна.
Сэтгэгдэл ( 32 )