ЦЕХИЙН ХАМТ ОЛОН ЖИЛДЭЭ 12-16 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АШИГТАЙ АЖИЛЛАЖ ИРЖЭЭ
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн харьяа “РСЦ” ХХК гэх охин компани бий. Үйлдвэр анх байгуулагдахад Барилга засварын цех нэртэй үйл ажиллагаагаа явуулж байсан ч 2007 оноос хойш “РСЦ” ХХК буюу Эрдэнэт үйлдвэрийн охин компани болсон байдаг. “РСЦ” ХХК болсноос хойш тус компанийн ажилтнуудын цалин “Эрдэнэт” үйлдвэрийн ажилтнуудаас 50-70 хувь бага, цаашлаад нийгмийн асуудал, шагнал урамшил “хаягдаж” ирсэн байна. Өөрөөр хэлбэл айлын хатавчинд өрөм горьдон суудаг шоовдор хүүхэд мэт явж ирсэн юм. Тиймээс өнгөрөгч 12 жилийн хугацаанд “РСЦ”-н ажилтнууд Төрийн өмчийн хороо, Засгийн газар, Улсын Их Хурал, УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд албан бичиг илгээж “Эрдэнэт” үйлдвэрийн бүтцийн Барилга засварын цех болгож өгөхийг хүссээр байж. Харин энэ сарын 26-ны өдөр “Эрдэнэт” ТӨҮГ-ын Гүйцэтгэх захирал Х.Бадамсүрэн “РСЦ” ХХК-г татан буулгах шийдвэр гаргасан нь олон хүнийг баярлуулжээ. Ингэж татан буулгах болсон шалтгаан нь тэдний удаан хүлээсэн Барилга засварын цех болон ажиллах боломжийг бүрдүүлж байгаа нь тэр. Ирэх зургаадугаар сарын 3-ны өдрөөс Барилга засварын цехийн статустайгаар үйл ажиллагаагаа явуулах эхэлнэ.
Ингэснээр тус цехийн 252 ажилтны нийгмийн асуудал, цалин хангамж үндсэндээ шийдэгдэж байгаа юм. Барилга засварын цехийн хамт олон “Эрдэнэт” үйлдвэрт шаардлагатай мод модон, төмөр, бетон бүтээгдэхүүн хийхээс эхлээд засвар үйлчилгээ үзүүлэхийн тулд үйлдвэрийн хэмжээнд бүхий л цехэд очиж ажилладаг юм. Үйлдвэрийн гүн, бохир, лаг шавар гээд хортой, хоргүй, хүнд хүчир ажил бүгдийг энэ хамт нугалдаг, тэдний гар хүрээгүй зүйл гэж байдаггүй.
Барилга засварын мужаан цех жилдээ 500-600 сая төгрөгийн мод модон бүтээгдэхүүн хийдэг. Тэгвэл Бетон зуурмагийн цехийн хамт олон гэхэд жилдээ нэг тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэж байгаа юм. Цехийн хамт олон жилдээ 12-16 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж иржээ. “Эрдэнэт” үйлдвэр 40 жил ажиллаж байгаа тул засвар үйлчилгээ, тордолгоо байнгын шаардлагатай байдаг. Тэр бүхнийг Барилга засварын цехийнхэн л хийнэ. Үйлдвэрлэлийн барилга байгууламж барих, засах ажил орон сууцны барилга барихаас тэс ондоо болохыг ч цехийн ажилтнууд ярилаа. Барилга засварын цехгүйгээр “Эрдэнэт” үйлдвэрлэлээ эрхлэх боломжгүй, харин тус цехийн хамт олон эргээд үйлдвэрийнхээ ажилчид болсондоо баяртай байгаагаа уламжилж байлаа.
Барилга засварын цехийн Хангамжийн инженер, Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга Д.Уламбаатар анх Барилга засварын цехийг байгуулагдахад тулгын гурван чулууг нь тавилцсан хүний нэг. Түүний хэлснээр Барилга засварын цехийн 70 гаруй хувь нь шижигнэсэн залуучууд юм байна. Цех болон ажиллахаар болсон тул хамт олон маань урам, зориг дүүрэн ажилдаа гарах болсон. Хамт олноо нүүрэндээ баясалтай, нүдэндээ мишээлтэй явааг харахад сайхан байна хэмээн өегхөн сууж байсан юм. Тус цехэд 20 жил модон эдлэлийн суурь машинчаар ажиллаж байгаа Г.Гантөмөр цехийнхээ мод, үртэс дунд аз жаргалтайгаар ажлаа хийх аж. Г.Гантөмөрийн онцолсноор хамгийн сүүлд сонссон сайхан мэдээ нь охин компани Барилга засварын цех болсонд тунчиг сэтгэл хангалуун байгаа гэв. Тэгвэл цехийн кониверийн машинист Ж.Мягмарбаатар 16 настайдаа Барилга засварын цехэд ажилд орж байжээ. Хамаг залуу нас, сэтгэл зүтгэл, хүч хөдөлмөрөө шингээсэн байгууллагадаа сэтгэлийн угаас хайртай гэж байсан. Охин компани байх, цех байхын тухайд асар их ялгаатай гэдгийг хэлээд эргээд Барилга засварын цех болгосон Х.Бадамсүрэн захиралд талархаж байна гэлээ. Хүмүүсийн бүтээмж, сэтгэл санаа хүртэл өөр болно шүү дээ хэмээн инээмсэглэн зогсож байлаа.
“ЯМАР САЙХАН ХҮМҮҮСИЙГ ХОРВОО НАДАД ИЛГЭЭСНИЙГ...”
Чухамдаа Барилга засварын цехийн засал чимэглэлчин Д.Хундалай “Энэ дуу амнаас минь огт салахгүй байна” хэмээн нулимсаа барьж ядан зогсоно. Түүний сэтгэлийн угаас гарах үгийг сонсож зогссон хамт олон нь ч нулимсаа нуусангүй. Учир нь “РСЦ” ХХК-ийнхан Барилга засварын цех болсон баяраа өвөрмөцөөр тэмдэглэхийг хүсчээ. Цехийн Залуучуудын холбооны санаачилгаар Барилга засварын цехийн захиргаа, Эмэгтэйчүүдийн холбоо, Үйлдвэрчний эвлэл хамтран байгууллагынхаа өрх толгойлсон эмэгтэй Д.Хундалайд байшин барьж өгсөн юм. Тэрбээр Барилга засварын цехэд засал чимэглэлчээр 15 дахь жилдээ ажиллаж байгаа юм байна. Өмнө нь аав, ээж нь тус цехэд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан гэдгийг хамт олон нь хэлж байв. Барилга засварын цехийнхэн нэг өдрийнхөө цалинг хандивлаж, хамтран ажилладаг “Данадо” ХХК, “Анхлах аз” ХХК, “Ойгон Арвижих” ХХК, “Тэ Ён” ХХК, “Ногоон Очир” ХХК, иргэн Н.Ганбат, Соёл урлагийн цогцолбор зэрэг байгууллага дэмжлэг үзүүлснээр өрх толгойлсон нэгэн эмэгтэй гал голомтоо шинээр бадрааж, чин сэтгэлийн угаас “Ямар сайхан хүмүүсийг хорвоо надад илгээснийг” хэмээн дуулж зогсохыг хараад дэм дэмэндээ ингэж л хорвоо бүхэлдээ эргэдэг байхдаа хэмээн бодогдож байлаа. Цехийн хамт олон ажил амралтаа зохицуулж өдөрт 30 хүний бүрэлдэхүүнтэйгээр долоо хоногийн дотор байшинг барьж дуусган мягмар гарагт түлхүүрийг нь гаруулан өглөө.
Энэ үеэр “Эрдэнэт” үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга Б.Төгсбаяр “Нэг сайхан айл байшинтай болж байна. Хамт олон нь өөрсдийн хүч хөдөлмөрөөр ийм сайхан байшинтай болгож байгаад баяртай байна. Хүний үндсэн гол хэрэгцээ буюу анхдагч хэрэгцээ нь амьдран суух орон сууц байдаг. Хундалай маань тогтвортой ажлын байр, өөрийн орон гэртэй болсонд хамт олных нь зүгээс баяртай байгаа”-гаа илэрхийлсэн юм. Тэгвэл Барилга засварын цехийн ерөнхий инженер Ж.Батсуурь “Өмнө нь манай хамт олон Орхон аймгийн нэгэн эмэгтэйд дөрөв хоногийн дотор байшин барьж өгч байсан. Энэ удаа харин долоо хоночихлоо. РСЦ ХХК маань Барилга засварын цех болсон баяр дээр баяр нэмж бид Хундалайдаа байшин барьж давхар баяраа тэмдэглэж байна” гэдгийг онцолж байв.
Сайн үйлсийн аяныг санаачилагч Барилга засварын цехийн Залуучуудын холбооны дарга П.Эрдэнэмягмар “Д.Хундалайгаа гэр оронтоо болгох юм сан гэж нэлээд удаан бодсон. Санаачлагыг маань цехийн хамт олон дэмжсэнд баярлаж байна. Нийгэмд эерэг хандлага түгээж, нэгнээ дэмжсэн сайн үйлсийн аянг жил бүр зохион байгуулна. Байшин барихад бүх хүмүүс сэтгэл зүрхээрээ тусалсан.
Тэтгэвэртээ суугаа ахмадууд маань хүртэл ирж барилцсан” гэлээ. Барилга засварын цехийн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Нямсүрэн “Залуучуудын холбоо, эмэгтэйчүүдийн зөвлөлийнхөн маань Хундалайгийн гэрт ирж нөхцөл байдалтай танилцаад байшин барих шийдвэр гаргацгаасан. Өмнө нь ахмад настан Бадармаа гуайд ноднин тархины хорт хавдартай гэхэд нэг өдрийн цалингаа хандивлацгааж байсан. Манайхан чинь бие биенээ гэсэн халуун дулаан сэтгэлтэй хүмүүс. Өнгөрөгч гуравдугаар сард РСЦ компанийн нэрэмжит уншилгын танхимыг байгуулсан нь үр дүнтэй болгосон” гэдгийг онцолсон юм. Д.Хундалай “Сэтгэл үнэхээр өндөр байна. Хоолой зангирч, нулимс цийлэлзээд байна. Хамт олон минь өөрдсийн хүч хөдөлмөрөөр ийм сайхан өргөө гэр барьж өгсөн цехийнхэндээ баярлалаа. Баярлалаа гэж хэлэх ч багадам тийм сайхан байна. Ямар сайхан хүмүүсийг бурхан надад илгээснийг гэдэг дуу л цээжин дотор минь эгшиглэж байна. Зүүд ч юм шиг, мөрөөдөл ч юм шиг. Энэ цехэд ажиллаад 15 жил болсон байна. Зовлон, жаргалын алинд нь ч хамт байдаг хамт олондоо баярлалаа. Аав минь тэнгэрийн орноос охиноо, хамт олноо хараад баярлаж байгаа байх. Ажлынхаа хамт олон үнэхээр баярлалаа. Үнэхээр мундаг залуус шүү” гэдгийг хэлсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )