Зураач О.Үржинхандын "Дархлаа" үзэсгэлэн зургадугаар сарын 4-нд "976" арт галерейд дэлгэгдэх гэж байна.
Цагаан өнгөөр бараан үзэл бодлыг, бараан өнгөөр хайр энэрэлийг дүрсэлсэн зураачийн ур ухааныг та хамгийн түрүүнд түүний бүтээлээс олж харахыг хичээгээрэй. Санамсаргүй татагдсан нэг ч зураас байхгүй учир зохиомжууд нь бүтээлийнхээ агуулга тийш таныг хөтлөх болно.
Өнгөний хувьд хурц тод, зөөлөн зонхилох ч гүндээ уйтай мэдрэмж төрүүлэх нь юуных вэ? Хүүхдийнх гэмээр өрөгдсөн хийсвэрлэл, дүрслэл нь яаж ийм гүн бодол төрүүлж байна вэ? Өнөөх л яагаад? “Дархлаа” үзэсгэлэн бол О.Үржинхандын бүтээсэн “Одоо” цаг юм.
Бидний нүдэнд шинэ хуучин үргэлж л дайсагнаж буй мэт боловч бидний харж чадахгүй нөгөө талд тэд ялгахын аргагүй нэгдэн ууссан ихрүүд юм. Үүнийг л О.Үржинханд сэрж мэдрэн өөрийн бүтээлийн “хэл” болгожээ. Тэр л хэл бидний түүний бүтээлээс олж харах ёстой гол санаа нь. Сонирхсон хэн бүхнийг тус үзэсгэлэнг үзэхийг урьж байна.
Сэтгэгдэл ( 0 )