Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг 2022 оны ДАШТ, 2023 оны ААШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөөх эхний тоглолтоо Бруней Даруссаламын багтай зургадугаар сарын 06-нд 17:00 цагаас Улаанбаатар хотод хийнэ.
Манай шигшээ тавдугаар сарын 21-30-ны хооронд Тайланд улсын Пукет арал дээр халуун дулаан уур амьсгалтай Брунейн цаг агаарт дасах нэгдсэн бэлтгэл базаагаад ирлээ. Харин өрсөлдөгч Брунейн баг манайхтай ойролцоо уур амьсгалтай БНХАУ-д мөн бэлтгэл хийж дуусаад зургадугаар сарын 04-нд Улаанбаатар хотод газардана.
“Талын хөх чононууд” 2001, 2003, 2007, 2009, 2011, 2015 онд ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтууд хийж байсан бол Бруней Даруссалам улсын шигшээ баг 1986, 2002, 2018 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд хүч үзсэн аж. 06-р сарын 06, 11-нд болох хоёр тоглолтын нийлбэр дүнгээр хожсон нь анх удаа ДАШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөөх шийдвэрлэх давааг давах юм. Брунейн шигшээ баг 1993 онд дэлхийн чансааны 151-д бичигдэж байсан тэр цагаас хойш жил ирэх тусам чансаа буурсаар өдгөө 194-р байрт бичигдэж байна. Эсрэгээрээ Монголын шигшээ багийн тоглолтын чанар улам сайжирч, дэлхийн чансаагаа арагш биш урагш явуулж, тогтмол амжилт үзүүлж байгааг дурдах нь зүйтэй.
Та бүхэн зургадугаар сарын 06-нд 17:00 цагаас эхлэх тоглолтын тасалбарыг МХБХ-ны байрнаас хүрэлцэн ирж авахаас гадна ticket.mn, 1900-1800 утсаар захиалах боломжтой.
Энгийн тасалбар 10000₮ бол VIP тасалбарыг 06-р сарын 05-ыг дуустал 30000₮ төгрөгөөр худалдаалагдаж байна.
Сэтгэгдэл ( 0 )