Та бидний хаясан ХОГ ХАЯГДАЛ-аар хүүхдүүд УРЛАЖ байна

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 04

Улаанбаатар хотын засаг даргын тамгын газар, Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “Гэр хорооллыг хөгжүүлэхэд техник технологийн дэмжлэг үзүүлэх дэд төсөл”-ийн хүрээнд гэр хорооллыг хөгжүүлэх, бага дунд орлоготой иргэдийг дэмжих “Миний гэр-Миний хот” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм.

"Миний гэр-миний хот" хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 67, 76, 105-р сургуулийн сурагчид, 261-р цэцэрлэгийн багш нарын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, байгаль орчин, урлагийн боловсролыг олгох зорилгоор дахивар хог хаягдлаар гар урлалын бүтээл хийх сургалтыг өнгөрсөн хугацаанд зохион байгуулжээ. Тэд сурч мэдсэн зүйлээ бусдадаа сонирхуулах зорилготой, гараар урласан чамин, тансаг бүтээлийн үзэсгэлэнгээ өнгөрсөн хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр дэлгэлээ.

Үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүдийг 216-р цэцэрлэгийн багш Б.Энхчимэг, 216-р цэцэрлэгийн эцэг эхийн төлөөлөл Б.Оюунаа нар хийжээ. Бүтээл хийхдээ ашигласан материалууд нь хаягдал цаас кардон цаас, ариун цэврийн цаасны голд байдаг бор хатуу цааснууд голцуу харагдана. Хогг хаягдлыг дахин боловсруулж гар урлалын бүтээгдэхүүн хийсэн учир өртөг бага оржээ. 

Энэ жил тэд дахивар хог боловсруулж, бүтээгдэхүүн гаргадаг анги танхимтай болж, дүү нартаа экологийн талаар мэдлэг олгохыг зорьж буй аж. Энэ удаагийн үзэсгэлэнд шил, лааз, диск, хуучин хувцас, өндөгний хайрцаг, соруул зэргээр хийсэн бүтээлүүдээ танилцуулав. Дахивар хог хаягдлаар ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнүүд болон өөрийн хэрэглээний ойр зуурын эд зүйлсээ хийж болно. Мөн сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхийн тулд эд зүйлсийн үзэгдэх байдлыг өөрчилж, нэмэлт чимэглэл нааж, шинэ зүйл хийхийг зөвлөж өөрсдийнх нь гаргаж буй шинэ санааг дэмжиж сургалтаа явуулсан нь илүү сонирхолтой, үр өгөөжтэй болсон гэнэ.

"Миний гэр-миний хот" хөтөлбөрийн хүрээнд тус клубт нэгдэхийн хүссэн хүн бүрт нээлттэй. Хамгийн олзуурхууштай нь хотын төвөөс алслагдмал дүүргийн сурагчид үнэ төлбөргүйгээр бүтээлч сургалтад суусандаа маш их баяртай байгаа нь харагдаж байлаа.

Хэн ч юмханаар юм хийж сурч, цэвэр таатай орчныг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулаарай. Адаглаад хоггүй, цэвэрхэн сургуулийн орчинд эрүүл сурч боловсрох нөхцлийг бүрдүүлэх бүрэн боломжтой. Уг төслийн хүрээнд гэр хорооллыг хөгжүүлэхэд техник технологийн дэмжлэг үзүүлэх дэд төслийн байр ашиглалтад орох аж. Төслийн байрны нэгдүгээр давхарт иргэдэд хүссэн мэдээллийг өгөхөөр болжээ. Иргэдийн сэтгэл ханамжийн судалгааг ч явуулж байгаа юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top