Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг 2022 онд Катарт болох ДАШТ, 2023 онд БНХАУ-д зохиогдох Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны эрхийн төлөөх эхний тоглолтоо Брунейн багтай зургаадугаар сарын 6-нд 17:00 цагаас Улаанбаатар хотноо хийхэд бэлэн болоод байна. Манай шигшээ баг тавдугаар сарын 21-30-ны хооронд Тайландын Пукет арал дээр халуун дулаан уур амьсгалтай Брунейн цаг агаарт дасах нэгдсэн бэлтгэл базаагаад ирсэн аж. Харин өрсөлдөгч Брунейн баг манайхтай ойролцоо уур амьсгалтай БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо долоо хоногийн хугацаатай бэлтгэл хийж дуусгаад зургаадугаар сарын 4-нд Улаанбаатар хотод иржээ.
Брунейн шигшээ баг 1993 онд дэлхийн чансааны 151-д бичигдэж байсан тэр цагаас хойш жил ирэх тусам чансаа буурсаар өдгөө 194-р байрт эрэмбэлэгдэж байна. Харин эсрэгээрээ Монголын хөлбөмбөгийн баг тамирчдын чансаа улам нэмэгдэж, дэлхийн чансааны 187 жагссан амжилттай байгаа.
Өнөөдөр /2019.06.05/ тус тоглолтын талаар Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр Брунейн шигшээ багийн дасгалжуулагч Роббу Сервайс “Талын хөх чононуудын талаар бид тодорхой мэдээлэлтэй байгаа. Сингапур улсын шигшээтэй таарч байсан учраас Сингапурын дасгалжуулагчтай уулзаж, мэдээлэл авсан. Брунейн цаг агаарын хувьд чийглэг, халуун. Харин Монголын хувьд эрс тэрс уур амьсгалтай учир тоглолтын нөхцөл байдалд бага зэргийн өөрчлөлт орж магадгүй. Гэхдээ бид гэртэй очоод тогловол өөр байна байх. Хоёр багийн хувьд өөр өөрийн гэсэн арга барилтай учир маш сонирхолтой тоглолт болно гэж найдаж байгаа” хэмээв.
Монголын шигшээ багийн дасгалжуулагч Майкл Вайсс “Бруней бүгчим халуун уур амьсгалтай. Тиймээс бид Брунейд тоглох бэлтгэлээ хангах үүднээс Тайландад бэлтгэл хийсэн. Баг тамирчдын сэтгэл зүй өндөр байгаа. Халуун орны баг тамирчидтай эх орондоо тоглож байгаагаа давуу тал гэж харахгүй байгаа” гэлээ.
Дөрвөн жил хүлээсэн энэхүү тоглолтын төлөө үндэсний шигшээ багийн 23 тоглогч , 200 гаруй албаныхан, бусад олон арван хүмүүс хичээл зүтгэл гаргасан гэдгийг Монголын хөлбөмбөгийн холбооноос онцолж байв.
Үзэгч, хөгжөөн дэмжигч та бүхнийг маргааш /2019.06.06/ болох тоглолтод үндэсний шигшээ багаа уухайлан дэмжихийг хүсэж байна.
Т.МИШЭЭЛ
Сэтгэгдэл ( 0 )