ШЕЗ-ийн гишүүнд нэр дэвшигчдийн жагсаалтаас санал хураалт явуулж байна

2019 оны 06 сарын 06

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн жагсаалтаас санал хураалт явуулах, санал болгох ажиллагаа өнөөдөр (2019.06.06) анхан болон давж заалдах шатны нийт шүүгчийн дунд болж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний Тооллогын төв комисс тус тус өчигдөр (2019.06.05) хуралдаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн жагсаалтыг шинэчлэн баталсан. Тооллогын комиссын тогтоолын хавсралтаар анхан шатны шүүхүүдэд 10 нэр дэвшигч, давж заалдах шатны шүүхүүдэд гурван нэр дэвшигчийн жагсаалт хүргүүлсэн.

Анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн Шүүгчдийн зөвлөгөөнд оролцсон шүүгч Нэр дэвшигчдийн жагсаалтаас Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд санал өгсөн. Шүүгчдийн зөвлөгөөн санал хураалтын дүнг, санал болгох тогтоолын хамт Тооллогын төв комисст ирүүлж байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны 24 дүгээр тогтоолоор баталсан "Шүүгчдийн зөвлөгөөнөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох журам”-д зааснаар Тооллогын төв комисс санал хураалтын дүнг нэгтгэж, олонхийн санал авсан хүний нэрийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид санал болгох тухай тогтоол гаргана.

Тооллогын төв комиссын тогтоолыг ажлын хоёр өдрийн дотор холбогдох баримт бичгийн хамт Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэх юм.

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top