Уламжлалт компаниуд тоон өөрчлөлттэй хэрхэн хөл нийлүүлэн алхах вэ?

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 07

Аливаа брэнд, байгууллага, компани технологийн өөрчлөлттэй хөл нийлүүлэн алхах, зардлаа бууруулах, үйлчлүүлэгчиддээ өндөр чанартай үйлчилгээ үзүүлэх, хүчтэй өрсөлдөгч болохын тулд шинэчлэгдэх хэрэгтэй. Blockbuster, Kodak зэрэг олон тооны компаниуд тоон хувьсгалын шуурганд тэсэж үлдэж чадаагүй. Технологийн хөгжил бизнесийн салбарыг сууриар нь өөрчилж байна. Энэхүү өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөөгүй эсвэл хангалттай хурдаар өөрчлөгдөж чадаагүй компаниуд хохирсон түүхтэй.

Аль хэдийн тогтсон брэнд завсарлага авах нь тийм муу санаа биш. Учир нь ингэснээр шинэ цагийн чиг хандлага бизнесийн загварт нь тохирч буй эсэхийг ажиглах боломж олгодог. Уламжлалт брэндүүд тоон хөгжлийг гүйцэх хангалттай цаг хугацаа бий. Хөгжлийн шинэ чиг хандлагад илүү анхаарал хандуулснаар, тэд нарийн зохион байгуулалттай, төлөвлөгөөтэй шинэчлэгдэх боломжтой байдаг. Үүний тулд маш их зүйлийг хийх шаардлагатай. Харин хаанаас, юунаас эхлэх вэ? Юуны өмнө яагаад бизнесээ өөрчлөх, ингэснээр юунд хүрэхийг зорьж буйгаа тодорхойлох нь чухал гэж шинжээчид зөвлөж байна. Та тоон шинэчлэлтэй өрсөлдөхийг хүсэж байна уу эсвэл өөрөө тоон шинэчлэгч байхыг хүсэж байна уу? Ямартаа ч аливаа зорилго, үр дүн илүү чанартай үйлчилгээ үзүүлэх, зардлаа бууруулах, орлогоо нэмэгдүүлэх, зах зээлээ өргөтгөхөд чиглэгддэг. Шинэчлэл, өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд баттай суурь амин чухал. Стандарт бол амжилтын түлхүүр гэж автомашины эд анги үйлдвэрлэдэг GKN Driveline компанийн чанар, үйл ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч Дэвид Уиттон онцолж байна. Түүний хэлснээр, тус компани тоног төхөөрөмж, холбоо, тоон дэлгэц болон үйлдвэрүүдийнхээ стандартыг шинэчлэн хөгжүүлэхэд зориулж 12-оос 18 сарыг зарцуулсан аж. Ингэснээр дэлхий даяар түгсэн үйлдвэрүүддээ шинэчлэл хийхэд дөхөмтэй болжээ.

Их Британийн Future Advocacy судалгааны төвөөс явуулсан судалгаанаас үзвэл, 2030 он гэхэд нийт ажлын байрны 30 хувь нь бүрэн автоматжиж, хиймэл оюун ухаан олон хүнийг ажилгүй болгох аж. Өнгөц харахад энэ нь тийм өөдрөгөөр төсөөлөгдөхгүй. Ирэх жилүүдэд эдийн засаг автоматжуулалтын давалгаанд өртөнө гэдэгтэй эдийн засагчид санал нийлдэг. Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан илтгэлд дурдсанаар, ирэх арван жилд роботууд 75 сая ажлын байрыг үгүй хийх хэдий ч шинээр 133 сая ажлын байрыг бий болгох боломжтой. Олон сая ажлын байрыг үгүй хийхээр заналхийлж буй хиймэл оюун ухаан, технологи бидний ажлын хэв маяг, үүргийг өөрчлөх нь дамжиггүй. Автоматжуулалт аливаа бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ажилтнуудыг нэг хэвийн эсвэл нарийн, төвөгтэй ажлаас чөлөөлж, харин илүү бүтээлч санаа, хүний оюун ухааныг уралдуулсан ажилд илүү цаг зориулах боломжийг олгодог.

 Хүний нөөц маш чухал үүрэгтэй. Технологийн эрин зууны ажиллах хүчнийг бэлтгэх, давтан сургах шаардлага гарч ирж байна. Тоон шинэчлэл эдийн засаг болон ажиллах хүчинд ихээхэн нөлөө үзүүлэх нь тодорхой. Гэхдээ энэхүү өөрчлөлтийг хүмүүс хийж гүйцэтгэнэ. Харин зөвхөн ашгийн төлөө хийх үү үгүй юу гэдэг нь хүн, компани, үндэстнээс шалтгаална.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top