ХОВД: Хуванцар сав ашиглан хүлэмж барьжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 07

Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мод үржүүлгийн талбайд 1640 ширхэг хуванцар сав ашиглан 6х4 хэмжээтэй хүлэмж байгуулж, гүйлс мод тарьж үрслүүлжээ. Тус газраас  өнгөрсөн гуравдугаар сараас “Хуванцраас татгалзъя” уриалга гаргаж, тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэ юм.  Энэхүү уриалгад Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулиудын эко клубийн сурагчид болон Хөшөөтийн уурхайн хамт олон  нэгдэж,  ашиглахгүй байгаа  хуванцар сав цуглуулж өгсөн нь хүүхэд багачуудад байгаль орчноо хайрлах нэг сургууль болов. 

Гудамж талбайд ил задгай хаясан хуванцар сав нь байгальд шингэх гэж 1000 жил зарцуулдаг бөгөөд хөрс, ус, агаарыг бохирдуулахын зэрэгцээ хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг гэсэн судалгаа бий. Тиймээс иргэд хуванцар савыг нийтийн эзэмшлийн гудамж талбайд  хаяхгүйгээр бүтээлчээр ашиглах боломж байгааг энэ хүлэмжээс харж болохоор болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top