"Монголын үндэсний балет" уралдааныг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байгаа талаар Монголын балетын хөгжлийн сангийн тэргүүн, Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг өнөөдөр /2019.06.06/ мэдээлэл хийлээ.
Тус уралдаан зургадугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Хүүхдийн ордонд болох юм. Шүүгчээр Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Хөгжмийн театрын үндэслэгчдийн нэг Б.Жамъяандагва, Япон улсын балетын академийн дэд ерөнхийлөгч Наоми Морияма, БНХАУ-ын балетчин Шао Зи Жун нар ажиллах аж. Насны ангилалын хувьд 4-18 насны балетаар хичээллэдэг, сонирхдог хүүхдүүд багийн болон соло буюу ганцаарчилсан төрлөөр оролцоно.
Уралдааны гол зорилго нь бүжигчдийн ур чадварыг нэмэгдүүлэх, залуу уран бүтээлч, хүүхэд багачуудыг нээн илрүүлэх, балетын урлагаар дамжуулан соёл урлагийн боловсролыг олгох, зөв бие төрх, эрүүл насанд хүрэгчдийг бий болгох зэрэг олон давуу талтай, Монголын сонгодог урлагийн томоохон наадмын нэг билээ.
Энэ талаар Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг "Монголын үндэсний балет улсын уралдаан жил болгон зохион байгуулагдаж байгаа нь баллетаар хичээллэгчдийн дунд хүлээлт үүсгэж, улсын хэмжээний уралдааны нэг болж чадаж байгаа нь бидний гол зорилго. Энэ жилийн хувьд зөвхөн Улаанбаатараас гэлтгүй хөдөө орон нутгаас өөрийн авьяас чадвараа сорихоор залуу балетчид маань зорин ирж байгаад талархууштай байна" гэлээ.
2016 онд анх удаа "Монголын үндэсний балет" нээлттэй уралдааныг орон нутаг болон төвийн нийт 120 гаруй хүүхдүүд дунд зохион байгуулж байсан бол 2018 онд "Монголын үндэсний балет" хоёрдугаар уралдааныг БСШУСЯ-ны ивээл дор 160 гаруй хүүхдүүд амжилттай оролцжээ.
Сэтгэгдэл ( 0 )