Монголын рок попын ертөнцөд өөрсдийн гэсэн өнгө төрхийг бий болгон гарч ирсэн "The Hu" хамтлаг анхны пянзаараа сонсогчдодоо бэлэг бариад байна. Нэг талдаа хоёр дуутай тус пянз нийт дөрвөн дуунаас бүрдэнэ. Дэлхий дахинд хит болсон дуунуудаа багтаасан эл бүтээл пянз сонирхогчдын сонирхлыг ихээр татаж, цуглуулгынх нь үнэт өв болох биз ээ.
Метал рок чиглэлээр уран бүтээл туурвидаг "The Hu" хамтлаг тавдугаар сарын 24-нд Америкийн хамгийн нэр хүндтэй Биллборд сэтгүүлийн “Хард рок урсгалын дижитал борлуулалт”-ын жагсаалтыг тэргүүлж эхэлсэн ба энэ үзүүлэлтээрээ Биллборд хөгжмийн жагсаалтыг тэргүүлсэн Монгол Улсын анхны хамтлаг болсон юм. "The Hu" хамтлаг 2018 оны хоёрдугаар сард “Муу чоно” дуугаа АНУ-ын хөгжмийн зах зээлд гаргаснаас хойш нэр алдар нь хурдан хугацаанд өсч байгаа ажээ. Монгол үндэсний морин хуур, товшуур зэрэг уламжлалт хөгжмийн зэмсэг ашиглан орчин үеийн рок урсгалаар дуулж байгаа нь гадаадын сонсогчдын анхаарлыг татаж байгаа юм. “Юу вэ, юу вэ, юу”, “Чонон сүлд” зэрэг хоёр дуу нь YouTube цахим хуудаст байршсан даруйдаа тус бүрдээ 10-16 сая хандалт авсан байна.
Тус хамтлаг ирэх аравдугаар сард АНУ болон европын улс орнуудад аялан тоглолтоо хийхээр болсон байна. "The Hu" хамтлаг есөн дуутай анхны цомгоо “Гэрэг” гэж нэрлэхээр болсон талаараа мэдээлсэн байгаа. Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Дашдондог 2016 онд "The Hu" хамтлагийг байгуулж байсан түүхтэй. Орчин үеийн рок хөгжмийг ардын урлагтай хослуулсан урсгал чиглэлээр “Хүннү рок” гэж тодотгон "The Hu" гэх нэрийг хамтлагтаа өгсөн юм.
Хамтлагийн дараагийн сюрприз юу байх бол гэдэг сонирхол татсан хэвээр байна.
Сэтгэгдэл ( 1 )
Наад муухай гүзээгээ татаачээ...