Театрт шинэ хун, шинэ ханхүү ирлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 06 сарын 10

Дэлхийн шилдэг, сонгодог бүтээл П.И.Чайковскийн "Хунт нуур" балет шинэ ханхүү, хунтайгаар амжилттай тоглогдлоо.

Зургадугаар сарын 9-нд үзэгчдэд хүрсэн балетад Зигфридийн дүрийг УДБЭТ-ын балетын гоцлооч Ө.Мөнхжин, Одетта, Оделлиагийн дүрийг УДБЭТ-ын балетын гоцлооч М.Нандинцэцэг бүтээв.

“Хунт нуур”-ын цагаан болон хар хунд тоглосон балетын залуу гоцлооч М.Нандинцэцэг өмнө нь хэд хэдэн балетад гол дүр бүтээсэн туршлагатай. Тэрбээр 2017 онд одоогийн Консерваторийн балетын жүжигчний ангийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Энхтуяа багшийн удирдлага дор төгсөж, театрт ажиллаж эхэлжээ.

Оюутан байхаасаа жүжигт тоглож, дүр бүтээсээр өдгөө цэнхэр нүдэн бүсгүй буюу Сванильда, “Щелькунчик”-ийн Маша, саяхан хүүхдийн баяраар нээлтийн тоглолт нь болсон “Амттаны доктор”-ын өвгөн докторын охины дүрээр түүнийг үзэгчид таних болсон. М.Нандинцэцэг өнгөрсөн жил БНСУ-д болсон Олон улсын бүжигчдийн уралдааны тусгай байрын шагнал хүртэж байсныг санаж байгаа биз ээ.

Харин шинэ хан хүүд өнгөрсөн жил ОХУ-ын Пермь хотын балетын сургууль төгсөад ирсэн залуусын нэг Ө.Мөнхжин тоглолоо. Театрын гоцлооч Ө.Мөнхжин 2018 онд ОХУ-ын Пермь хотын балетын сургуулийг төгссөн ба 2018 оноос ДБЭТ-т ажиллаж эхэлсэн. Тэрбээр энэ хугацаанд “Щелкунчик” балетын Принц, “Хунт нуур” балетын Па-де-труа, “Амттаны доктор” шинэ балетын Шоргоолжны хааны дүр бүтээсэн чадварлаг залуу уран бүтээлч юм. Ө.Мөнхжингийн хувьд ОХУ-д суралцаж байх хугацаандаа “IBCC-2017” балетын тэмцээнд оролцож, тусгай байр, өнгөрсөн сард ОХУ-ын Улаан-Үд хотноо зохион байгуулагдсан Олон улсын балетын тэмцээнээс сонгодог бүжгийн эрэгтэй төрөлд мөнгөн медаль хүртэж байжээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top