ТОЙМ: Спортын цонхоор Монголыг тольдлоо

2019 оны 06 сарын 10

Спорт гэдэг нэгэн цонхоор дамжуулан Монгол хэмээх эрхэм нэрийг дэлхий нийт тольдлоо. Энэ бол мэдээж Олон улсын сагсан бөмбөгийн холбооны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголд зохион байгуулж, түүндээ Монголын баг тамирчид төсөөлснөөс илүү амжилттай оролцсон явдал. Дээр нь нэмээд 2022 онд Катарт болох хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан тоглолтыг Монголын хөлбөмбөгчид хожлоор эхлүүлсэн мөч. IBO холбооны дэлхийн аварга, тулааны спортын шинэ баатар Н.Төгсцогт эх орныхоо элгэн дээрээс WBA, WBC зэрэг бүх холбооны дэлхийн аваргын бүсийг эзэмших хүсэлтэйгээ дэлхийд зарласан онцгой өдөр.

FIBA 3x3 сагсан бөмбөгийн 18 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын хөвгүүд ази тивээс ганцаар шилдэг наймд шалгарч, тоглолтын ур чадвар, мэдрэмжээр хэнтэй ч өрсөлдөх чадвартайгаа харууллаа. Зохион байгуулалт, талбайн тохижилт, ивээн тэтгэлэг, үзэгчдийн дэмжлэг гээд бүх зүйл олон улсын түвшинд байж чадсантай санал зөрөх хүн гарахгүй биз ээ. 34 орны 40 багийн 500 гаруй сагсан бөмбөгч оролцсон тэмцээнийг Монгол Улс амжилттай зохион байгууллаа. Энэ бүхэнд Монголын 3x3 төрлийг хөгжүүлж, хөдөлмөрлөж, залуусыг тасралтгүй тэмцээн, уралдаанаар хангаж ирсэн холбоо болон ивээн тэтгэгч нарын дэмжлэг чухал байсныг зориуд тэмдэглэх учиртай. Newspress сайт тус тэмцээнийг “Монголын сурталчилсан сагсан бөмбөгийн АСЕМ” хэмээсэн нь оновчтой тодорхойлолт байв.

2022 онд Катарт болох хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан тоглолтууд 2019.06.06-нд олон оронд цувран эхэллээ. Хамгийн эхний тоглолт манай нийслэлд болсон тул “Катар 2022” тэмцээн албан ёсоор Монголоос гараагаа эхэллээ гэсэн үг юм. Тэр утгаараа тоглолтын 9 дэх минутад багийн ахлагч Н.Цэдэнбалын хаалттай цохилтоос хийсэн гоёмсог гоол “Катар 2022”-ын анхны гоол болон түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн нь онцгой тохиол байлаа. Монголын хөлбөмбөгийн шигшээ баг 2022 оны ДАШТ, 2023 оны ААШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөөх эхний тоглолтоо Брунейн багтай хийж, 2:0-ээр хожсон нь мөн л Монголын хөлбөмбөгийн холбоо, тамирчид, ивээн тэтгэгчдийн бодлого, шийдвэр, ажил уялдаж чадсаных юм.

Монголд багийн спорт хөгжинө. Ийм итгэлийг манай багийн спортынхон өөрсдөө босгож ирлээ

Монголд төрийн бодлого, сайн менежмент хоёрыг хослуулж чадвал багийн спортоор амжилт гаргах, олимп, дэлхийн аваргад сайн оролцох зам мөр хаяанд биш хаалгаар орж орсныг дээрх хоёр тэмцээн харууллаа. Нэгэнтээ Монголын сагсан бөмбөгийн 3x3 холбооны дасгалжуулагч С.Тулгын хэлсэнчлэн багийн спорт хөгжихгүй гэдэг үг ард хоцорчээ. Үүнийг бүгд харлаа, үзлээ, итгэлээ.

Багийн спортыг бодлогоор дэмжихийн тулд Биеийн тамир, спортын хуулиа эргэж харах ёстой. Засгийн газар, Ерөнхийлөгчийн тэтгэлэг, бусад мөнгөн шагнал урамшуулал, тэмцээн, бэлтгэл, сургуулилтын зардлыг шийдэхэд бодитой өөрчлөлт оруулахаас эхэлнэ. Хоккейн ордонгүй мөртлөө амжилт гаргаж чаддаг тамирчидтай улс ордонтой, мөстэй, битүү дээвэртэй заалтай болчихвол улам өөдрөг ирээдүй харагдах болно. Ерөнхийлөгч Х.Баттулга битүү дээвэртэй ордон барих ажлыг тууштай дэмжиж байгаа. Энэ бүтээн байгуулалт багийн болоод өвлийн спортынхонд ус, агаар мэт чухал байгаа.

Өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015 онд зарлиг гаргаж, Монгол Улсад үндэсний болон сагсан бөмбөг, гар бөмбөг, хөлбөмбөг, хоккей зэрэг багийн спорт хөгжиж буй байдлыг эрчимжүүлэх, хөгжлийн түвшинг дээшлүүлэх, олимп, тив, дэлхийн спортын уралдаан, тэмцээнд амжилттай оролцох баг, тамирчдыг бэлтгэх үндсийг бий болгох, эх орондоо тив, дэлхий, олон улсын чанартай тэмцээн уралдаан зохион байгуулахад орчин үеийн шаардлага, олон улсын стандартад нийцсэн дэд бүтцийг бий болгох, түүнд түшиглэсэн багийн спортын дагнасан сургалттай академи байгуулахыг Засгийн газарт чиглэл болгож байсныг үе үеийн спортын удирдлагууд ямар ч төр, ямар ч засаг байсан бодлогоор дэмжиж, дэмжүүлэх хэрэгтэй байна. Цаасан дээр буусан энэ мэт бодлогын зорилгуудаа бодит байдал дээр хэрэгжүүлж чадвал Монголын тамирчдыг өндрөөс өндөр, хурднаас хурдан, хүчтэйгээс хүчтэй ирээдүй хүлээж байгаа юм байна. Ийм итгэлийг манай багийн спортынхон өөрсдөө босгож ирлээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top