“Хааны гар” 49 нас хүрч байна

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 11

Америкийн алдарт жүжигчин Питер Динклэйж (Peter Dinklage) 1969 оны зургаадугаар сарын 11-нд төрсөн. Тэр өнөөдөр 49 нас хүрч байна.

Дэлхийн хамгийн алдартай, хамгийн авьяаслаг бяцхан эрийг манай гариг дээр танихгүй хүн үгүй биз ээ. 1995 оноос жүжигчин болох гараагаа эхэлсэн Питерийн төрөлхийн өвчин өсөлт зогсоодог учир тэрердөө 135 см өндөртэй. Гэхдээ түүний амьдрал бол хичээж, хөдөлмөрлөж чадвал хэн ч зорилгодоо хүрч чаддагийн тод томруун жишээ. Магадгүй та одой биш ч Питерээс суралцах хэрэгтэй. Түүнийг хэн ч хамгийн өндөр өртөгтэй одой жүжигчин болно гэж төсөөлөөгүй. Харин ч үл тоож, нухчин дарах гэж оролдсон ч Питер мөрөөдсөөр л байсан.

Найман жилийн турш хийгдсэн HBO телевизийн “Хаадын тоглоом” цуврал түүнд “Эмми”, “Алтан бөмбөрцөг” наадмуудаас “Шилдэг эрэгтэй туслах дүр”-ийн шагнал авчирсан юм. 

Цувралын турш үзэгчид түүнийг хайрлаж, ухаалаг, арга заль ихтэй, хүн чанартай Тирион Ланнистерийн дүрээр төсөөлөх болсон. Тирион Ланнистерийн хэлдэг үгс Питерт ч мөн тохирно. Жишээлбэл, "Би энэ дэлхийн хамгийн алдартай одой" гэж хэлдэг дээ. Яах аргагүй Питер ч тэр, Тирион ч тэр манай дэлхийн хамгийн алдартай одой мөн.

Тэр 2005 онд театрын найруулагч Эрика Шмидтэй гэрлэсэн билээ.
 


Тэд 2011 болон 2017 онд хөөрхөн охидтой болсон ч нэрийг нь нийтэд зарлаагүй. Магадгүй түүнийг хувийн амьдралаа бага зэрэг нууцалдаг гэж хэлж болох юм. Түүнийг ихэнхи хүмүүс маш азтай залуу хэмээдэг. Гэхдээ Питер энэ үгэнд дургүй. Учир нь түүний хөдөлмөрлөж, хичээж, зовлон бэрхшээлийг туулж, тэвчээр заан амжилтанд хүрснийг нь үгүйсгэж байгаа мэт санагддаг гэнэ.

“Хаадын тоглоом” киноны цувралын сүүлийн ангид түүнийг яг хаан болгох гэж байсныг санаж байна уу. Гэхдээ тэр татгалзаж, оронд нь Брандон Старкыг хаан болгохыг санал болгодог. Бран хариуд нь түүнийг өөрийн “Хааны гар” болохыг шаарддаг. Ингэснээр тэрбээр цувралын хаан сэнтийн эзэд болох Жофри Баратеон, Дэнирис Таргариен, Брандон Старк гээд гурван хүчтэй овогт зүтгэсэн цор ганц, жинхэнэ “Хааны гар” болохоо харуулсан. Магадгүй түүнийг насан туршид нь “Хааны гар” хэмээх нэр дагалдах биз ээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
nn(59.153.113.14) 2019 оны 06 сарын 11

50 nas bishvv

0  |  0
Top