ӨВӨРХАНГАЙ: Шилдэг хэсгийн төлөөлөгч шалгарлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 06 сарын 11

Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын түүхт 80 жилийн ойн хүрээнд Цагдаагийн байгууллагын шилдэг хэсгийн төлөөлөгч шалгаруулах арга хэмжээг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит болгон жил бүр улсын хэмжээнд зохион байгуулдагтай холбогдуулан Тус газрын сумдын хэсгийн төлөөлөгч нарын дунд "Шилдэг хэсгийн төлөөлөгч-2019" тэмцээнийг зургадугаар сарын 09,10,11-ний өдрүүдэд Өвөрхангай аймагт зохион байгуулав. 

Энэхүү тэмцээн нь нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг дэмжих, хэсгийн төлөөлөгчийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, илрүүлэх арга тактик, мэдлэг, ур чадварыг сайжруулах, ажлын үр дүнг дээшлүүлэх, албандаа хандах эерэг хандлагыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь олон нийтэд сурталчлах зорилготойгоор зохион байгуулагдаж, өнөөдөр /2019.06.11/  шилдгээ  тодруулав. 

Тэмцээнд аймгийн 15 сумын хэсгийн төлөөлөгч оролцож, мэргэжлийн ур чадвар, ерөнхий мэдлэг, хууль, эрх зүй, гадаад хэл, компьютерийн мэдлэгийг шалгахаас гадна галт зэвсэг хэргэлэх ур чадвар, бие бялдрын бэлтгэлжилт зэрэг 12 үзүүлэлтээр өрсөлдсөн юм. Тэмцээний "Тэргүүн" байр буюу "Шилдэг хэсгийн төлөөлөгч"-өөр Баянгол сум хариуцсан хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч П.Буянбаяр шалгарч, цом, алтан медаль, үндсэн цалингийн 20 хувиар шагнагдсан бол дэд байранд Сант сум хариуцсан хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Х.Батпүрэв шалгарч, "Өргөмжлөл", мөнгөн медаль, үндсэн цалингийн 15 хувиар, гутгаар байранд Тарагт сум хариуцсан хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ө.Ишдорж шалгарч, “Өргөмжлөл", хүрэл медаль, үндсэн цалингийн 10 хувиар тус тус шагнагдав.

Эх сурвалж: Өвөрхангай аймгийн Цагдаагийн газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top