У.Хүрэлсүх: 1990 оноос хойш кино урлагийн салбар эзгүйрсэн

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 13

Монгол Улсын Засгийн газраас Соёл, урлагийн салбарын хоорондын хамтын ажиллагааны хүрээнд салбарын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, урлаг соёлоор дамжуулан бүх нийтийг соён гэгээрүүлж, нийгэм, улс орны сайн сайханд эерэг нөлөө үзүүлэхэд онцгой анхааран ажиллаж байна. Үүний нэгэн жишээ нь өнөөдөр /2019.06.13/ Монгол Улсын Eрөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилсан кино урлагийн салбарын төлөөллийн зөвлөлдөх уулзалт байлаа. 

Тэрээр уулзалтын эхэнд “Кино урлагаар дамжуулж ард иргэдийг соён гэгээрүүлдэг учраас энэ салбарыг бодлогоор дэмжих зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. 1990 оноос хойш кино урлагийн салбар эзгүйрсэн гэж хэлж болно. Уран бүтээлчид өөрсдөө хөрөнгө мөнгөөр кино урлагийг өдий зэрэгт хүргэлээ. Өнөөдрөөс эхэлж та бүхэнд тусалж, хамтарч ажиллах цаг болсон гэж бодож байна. Кино урлагийг дэмжих тухай хуулийн үзэл баримтлалыг батлуулж, хуулийн төслийг Улсын их хуралд өргөн бариад байна. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар кино урлагийн салбарт маш том хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино урлаг юм” хэмээв.

Уулзалтад Монгол кино нэгтгэл, Монголын Үндэсний Олон Нийтийн телевиз, Монголын үндэсний кино хороо, Монголын кино уран бүтээлийн холбоо, Боролдой студи болон бусад кино бүтээгч студи, продакшний найруулагч, жүжигчин, уран бүтээлч, зохиолч зэрэг нийт 60 орчим салбарын төлөөлөл хүрэлцэн ирж, санал бодлоо хуваалцсан юм.

БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙН СУУРИН ДЭЭР ЧИНГИС ХААНЫ МУЗЕЙ БАРИНА

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хөрөнгө, мөнгөтэй болох гэж уул уурхайг нэлээд чухалчилсан. Гэхдээ чухалчлахаас ч өөр аргагүй. Уул уурхайн салбар Монголчууд бидний амьдралд нэн чухал ч оюун ухааны салбарыг дэмжихгүй, иргэдийг соён гэгээрүүлэхгүй бол цаашаа хөгжихөд хүндрэл тулгарч байгаа юм. Тийм учраас Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд Соёл урлагийн үндэсний зөвлөл байгуулжээ. Өчигдөр /2019.06.12/ үндэсний зөвлөлийн хоёр дахь хуралдаан болж зөвлөлийн гишүүдэд төлөвлөгөөний төслийг танилцуулсан. Үүнд нэгдсэн төлөвлөгөө, бодлоготой болж соёл урлагийн салбарыг өөд нь татах, ард түмнээ соён гэгээрүүлэх ажлыг эрчимтэй зохион байгуулах, соёл урлагаар дамжуулж эх орноо суртчлах гэх мэт төлөвлөгөөг гаргасан байна. Энэ талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх кино урлагийн салбарын төлөөллүүдтэй уулзах үеэрээ "Сүүлийн жилүүдэд маш олон бүтээн байгуулалтууд ашиглалтад орж байна. Гэвч соёл урлагийн салбарын барилга байгууламжууд орхигдоод байна. Жишээлбэл, Драмын театр дээр очиж үзэхэд зай талбай багатай, дотор нь хоёроос гурван байгууллага байдаг учир тайз талбайгаасаа болж хоёр захирал нь хоорондоо өдөрт нэгээс хоёр удаа хэрэлддэг гэнэ. Мөн Байгалийн түүхийн музей, Үндэсний төв номын сан гээд ихэнхи барилга байгууламжууд маань бүгд хуучирч зарим нь мөөгөнцөртөж цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байна. Төр засгаас соёл урлагийн салбарыг харж хандах нь бидний гол үүрэг байдаг. Энэ ажлын хүрээнд Үндэсний их театр байгуулах, Байгалийн түүхийн музейн барилгыг шинээр барих, Үндэсний төв номын сангийн шинэ барилгыг эрчимжүүлэх гээд бодит шийдвэрүүдийг гаргаж байна. Зураг төслийн ажлыг хийлгэхээр 800 сая төгрөгийн төсөв батлагдаад зураг төслийн ажлууд үргэлжилж байна. Монголчууд Чингис хаан гээд ганц хүнийг дээдэлдэг. Гэтэл түүнд зориулсан музей байхгүй. Гадаадын жуулчид ч ялгаагүй Чингис хааны төрсөн нутагт ирчихээд Монголын нууц товчооноос өөр Чингис хаантай холбоотой зүйл үзэж чаддаггүй. Тийм учраас Байгалийн түүхийн музейн суурин дээр Чингис хааны музей барихаар төлөвлөж байгаа" хэмээсэн юм. 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(98.228.96.94) 2019 оны 06 сарын 14

unen bol

0  |  0
Д.Тунгалаг(150.129.140.58) 2019 оны 06 сарын 13

УИХ-д ”кионы тухай хууль”өргөн барилаа гэх мэдээ үзээд Монгол киноны ахмадууд,залуу уран бүтээлчдээс лавлан асуухад зарим нь дуулаагүй юм байна гэх хариу сонсч гайхав.Гэтэл нэг өдөр засгийн газраас:Ерөнхий сайд киноны уран бүтээлчидтэй уулзах уулзалтанд урьж өнөөдөрийн зөвлөлдөх уулзалтанд оролцлоо.Үр дүн нь хууль батлахад харагдана гэж найдаж байна. Эрхэм Ерөнхий сайд,БШУСЯ-ны сайд,дэд сайд нар оролцсон уран бүтээлчид болон ахмадуудын чин сэтгэлийн халуун хэлэлцүүлэг болж цаашид хэрхэн шийдэхээ дахин өргөн оролцогчидтойгоор хэлэлуцэхээр шийдэв.

0  |  0
Д.Тунгалаг(150.129.140.58) 2019 оны 06 сарын 13

УИХ-д ”кионы тухай хууль”өргөн барилаа гэх мэдээ үзээд Монгол киноны ахмадууд,залуу уран бүтээлчдээс лавлан асуухад зарим нь дуулаагүй юм байна гэх хариу сонсч гайхав.Гэтэл нэг өдөр засгийн газраас:Ерөнхий сайд киноны уран бүтээлчидтэй уулзах уулзалтанд урьж өнөөдөрийн зөвлөлдөх уулзалтанд оролцлоо.Үр дүн нь хууль батлахад харагдана гэж найдаж байна. Эрхэм Ерөнхий сайд,БШУСЯ-ны сайд,дэд сайд нар оролцсон уран бүтээлчид болон ахмадуудын чин сэтгэлийн халуун хэлэлцүүлэг болж цаашид хэрхэн шийдэхээ дахин өргөн оролцогчидтойгоор хэлэлуцэхээр шийдэв.

0  |  0
Top