Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Монголд анх удаа зохион байгуулагдаж буй Азийн урлагийн их наадмын нээлт Сүхбаатарын талбайд өнөөдөр /2019.06.13/ боллоо. Энэ сарын 16-ныг хүртэл үргэлжлэх тус наадамд Монгол Улсын 21 аймгийн 1700 гаруй язгуур урлагийн авьяастнууд, 12 орны 200 гаруй ардын авьяастан оролцож байна. Уралдаанд оролцогчид гоцлол, цөөхүүл болон хамтлаг гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ардын дуу, ардын хөгжим, ардын бүжиг, Язгуур урлагийн чуулга, Зан үйлийн чуулга гэсэн таван төрөлд язгуур болон орчин үеийн аль ч хэлбэрээр нас мэргэжил харгалзахгүйгээр оролцож буйгаараа онцлогтой.
Тус наадмын ерөнхий зохион байгуулагчаар БСШУСЯ, БОАЖЯ, ГХЯ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн хэрэгжүүлэгч агентлаг болон “Арт-Лар” ТББ ажиллажээ. Хамтран зохион байгуулагчаар Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциац, Ардын урлагийн наадмуудын европын ассоциац ажиллаж байна. Их наадмыг Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциацаас томилогдсон мэргэжлийн шүүгчид шүүх юм. Тэргүүн байрт 4000 евро, дэд байрт 2000 евро, гутгаар байрт 1000 еврогийн шагналтай аж.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх урлагийн их наадмын нээлтийн үйл ажиллагаанд хэлсэн үгэндээ “Монгол Улсын тогтвортой хөгжлийн Үзэл баримтлал 2030 бодлогын баримт бичигтээ “Монгол Улс нүүдлийн соёл, аялал жуучлалын төв болно” хэмээн тодорхойлсон байдаг. Тийм учраас Засгийн газар Азийн урлагийн их наадмыг анх удаагаа эх орондоо зохион байгуулж байна. Үндэсний хэл бичиг, түүх, уламжлал, ёс заншил өв соёл урлаг бол улс орны оршин тогтнох дархлаа юм. Цаашдаа энэхүү наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж Монголын болон Азийн урлагийг дэлхийд сурталчлах болно. Иргэдээ соён гэгээрүүлэх ажлын хүрээнд энэ наадмыг зохион байгуулж буйгаараа онцлог юм” гэлээ.
Наадмын нээлтийн үеэр ардын урлагийн мастер класс, гар урлалын үзэсгэлэн худалдаа, хүүхэлдэй урлалын үзэсгэлэн давхар зохион байгуулагдаж байна. Мөн шалгарсан уран бүтээлчид болон шилмэл үзүүлбэрээс бүрдсэн тоглолт 15-16-нд Сүхбаатарын талбайд болно. Нийт ард иргэддээ зориулан бүх үзүүлбэр, тоглолт үнэ төлбөргүй явагдана.
Э.Анхзаяа, С.Намхай
Сэтгэгдэл ( 0 )