Патентын тухай хууль шинэчлэгдэнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 14

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль болон Патентын тухай хуулиуд шинэчлэгдэж байгаатай холбогдуулан Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс оюуны өмчийн салбарын ажилчид, мэргэжлийн байгууллагын төлөөлөл, бизнес эрхлэгчдэд мэдээлэл өглөө. Мэдээллийн үеэр тус хуулиудад нэмэгдэн орсон, засагдсан заалтуудын талаар цогц ойлголт өгч салбарын төлөөллийн саналыг сонссон юм.

Патентын хүчинтэй байх хугацааг манай улсын нэгдсэн олон улсын гэрээнд нийцүүлсэн ба ашигтай загварын хугацаа долоон жил байсныг 15, бүтээгдэхүүний загварын хугацаа 10 байсныг 15 жил болгон сунгажээ. Мөн патентыг хүчинтэй байлгах хугацааны улсын тэмдэгтийн хураамж нь гурван жил тутамд төлөгдөх ёстой байсан бол одоо таван жилд нэг удаа төлөгдөх гэнэ. Шинэ бүтээлийн хувьд 12 сар, бүтээлийн загварын хувьд 6 сарын өмнө тухайн бүтээлээ нийтэд дэлгэсэн бол “шинэ” гэх шалгуурыг үгүйсгэхгүй байхыг зөвшөөрч, хугацааны хөнгөлөлт эдлэх боломж олгожээ. Түүнчлэн мэдүүлэг гаргагч, мэдүүлэгтээ нэмэлт өөрчлөлт хийх шаардлагатай тохиолдолд тодорхой хураамж төлснөөр анхдагч огноогоо алдахгүй байж болно хэмээн заасан аж.

Патентын тухай хууль нь шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар зохиогч болон патент, гэрчилгээ эзэмшигчийн өмчлөх эрхийг баталгаажуулах, шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг ашиглахтай холбоотой харилцааг зохицуулдаг юм. Барааны тэмдэг, газарзүйн заалтын тухай хууль”-ийн зорилго нь бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний тэмдэг, газар зүйн заалтыг хууль, эрх зүйн хувьд баталгаажуулах, түүнийг эзэмшигч, хэрэглэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, барааны тэмдэг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, газарзүйн заалттай холбоотой харилцааг зохицуулахад оршдог. 

О.Батдорж 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top