Монгол улсад анх удаагаа Спортын гимнастикийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана. Энэ сарын 19-22-ны өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт болох тус тэмцээнд 19 орны (БНХАУ, Хонконг, Энэтхэг, Индонез, Иран, Йордан, Япон, Казахстан, БНСУ, Малайз, Монгол, Филиппин, БНАСАУ, Катар, Сингапур, Тайланд, Тайван, Узбекистан, Вьетнам) 300 гаруй тамирчин оролцоно.
Манай улсаас дасгалжуулагч Ц.Алтантөгс, Д.Оюутуяа нарын удирдлага дор А.Энхтулга, Б.Мөнхсайхан тэргүүтэй 10 тамирчин оролцохоор бэлтгэлээ базааж байна. Тэмцээнд эрэгтэй тамирчид чөлөөт хөдөлгөөн, бариултай модон морь, цагирагт дүүжин, харайлт, суга савлуур, турник гэсэн зургаан төрлөөр өрсөлдөх бол эмэгтэй тамирчид харайлт, өндөр нам савлуур, дамжуурга, чөлөөт хөдөлгөөн гэсэн дөрвөн төрлөөр тус тус өрсөлдөх юм. Мөн багийн төрөл, ганцаарчилсан хэрэглэлийн нийлбэр болон хэрэглэл тус бүрийн аваргыг шалгаруулна. Тэмцээнийг БНХАУ-ын “AOSHI sport technology” компани дэлхийн 220 гаруй оронд онлайн болон телевизээр шууд дамжуулах бол Монгол улсаас “Жимобайл” ХХК интернет, шууд дамжуулалтын үйлчилгээг хариуцаж байна. БНХАУ-ын “Тайшан” компани тэмцээнд зориулан бэлтгэсэн 850 сая төгрөгийн гимнастикийн иж бүрэн 2 цогц хэрэглэлээ Монгол улсад хандивлаж байгаа юм.
Монголын Гимнастикийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ерөөлбат “2018 оны арван хоёрдугаар сарын 5-ны өдөр Катарын Доха хотод болсон Азийн гимнастикийн холбооны чуулганаар тивийн аваргын тэмцээнийг зохион байгуулах эрхийг манай улсад өгсөн. Энэ эрхийг авахад Узбекистан, Вьетнам улс өрсөлдлөө. Манай холбоо 2018 онд Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулсан нь энэхүү тэмцээнийг зохион байгуулах эрхийг авахад маш том түлхэц болсон. Монгол улсад Азийн аваргын тэмцээнийг зохион байгуулах нь түүхэн ач холбогдолтой. Манай тамирчдад ДАШТ-д оролцох эрх авахад тустайгаас гадна бид 1979 оноос хойш шинэчлэгдээгүй байсан спортын гимнастикийн техник хэрэгслээ 100 хувь шинэчилж чадсан зэрэг олон ач холбогдолтой юм. Манай баг тивийн аварга шалгаруулах тэмцээнд 1979 онд анх удаа бүтэн багийн бүрэлдэхүүнтэйгээр оролцож байснаас хойш анх удаа бүтэн багийн бүрэлдэхүүнтэйгээр оролцох гэж байна” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Тэмцээнийг www.agu-gymnastics.com хуудсаар шууд үзэх боломжтой.
Э.Анхзаяа
Сэтгэгдэл ( 0 )