Хотын утааг Хотын дарга “ХАР ТОЛГОЙ”-гоороо хариуцах уу?!

Б.Төрбат | Zindaa.mn
2019 оны 06 сарын 19

-Ирэх өвөл агаарын бохирдол, утаа 50 хувь буурахгүй бол түүний хариуцлагыг Хотын дарга С.Амарсайхан “хар толгой”-гоороо хариуцна гэдгийг Ерөнхий сайд хариуцлагатайгаар мэдэгдлээ-

Жилийн жилд хотын утаа, агаарын бохирдлыг бууруулахад улсын төсвөөс хэдэн арван тэрбумыг зарцуулдаг ч өнөөг хэр нь үр дүнгээ өгөөгүй. Харин ч эсрэгээрээ утаа мөнхийн "сэдэв" болон үлдэж, үе үеийн Засгийн газрын "шүдний өвчин" болсоор иржээ. Яг энэ зовлонг туулж яваа У.Хүрэлсүхийн Засгийн газар гэр хорооллын айл, өрхүүдийг утаанаас салгах гарц, гаргалгааг тодорхойлсон нь түүхий нүүрсийг хэрэглээнээс халах шийдвэр байлаа.

Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон Засгийн газрын шийдвэр өнгөрсөн тавдугаар сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн юм. Тэгвэл нийслэлийн агаарын бохирдол, утаа 50 хувь буурахгүй бол түүний хариуцлагыг Хотын дарга С.Амарсайхан “хар толгой”-гоороо хариуцна гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр хатуу анхааруулж, хариуцлагатайгаар мэдэгдлээ.

Учир нь, хотын утааг бууруулах чиглэлээр өнгөрсөн нэг жилийн хугацаанд Засгийн газар хангалттай ажилласан гэж Ерөнхий сайд үзэж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас шаардагдах бүх ажлыг хийж гүйцэтгэжээ. Тухайлбал, хөрөнгө мөнгө гаргаж шахмал түлшний үйлдвэр барьж, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн овоолго, нөөц, чанар, шаталт, савалгаа, дахин боловсруулах туршилт, судалгааны цех, үйлдвэрлэлийн шугам зэргийг нь шийдэж өгсөн.

Жилд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхээр төлөвлөсөн “Тавантолгой түлш” компани өнөөдрийн байдлаар  70 мянган тонныг нөөцөлж, 3000 тонныг борлуулаад байгаа аж. Гагцхүү одоо үйлдвэрлэсэн түлшийг айл өрхөд ямар нэг хүндрэлгүй, хүртээмжтэй, тасралтгүй түгээх л ажил үлджээ. Харин энэхүү ажил нь Засгийн газраас шалтгаалахгүй, цэвэр Хотын дарга С.Амарсайханы хийх ажил гэдгийг Ерөнхий сайд онцгойлон анхаарууллаа.

Тэрбээр "Засгийн газрын шийдвэр албан ёсоор хэрэгжиж эхэлсэн. Ажлын маань үр дүн удахгүй гарна. Ирэх долоодугаар сарын 1-н гэхэд бүх үр дүн гарах ёстой. Монгол Улсын Засгийн газар шаардагдах бүх ажлыг нь шийдэж өглөө. Хөрөнгө, мөнгөнөөс эхлүүлээд тээвэрлэлтийнх нь асуудлыг шийдэж өглөө. Үйлдвэрийг нь барилаа. Тодорхой хэмжээнд зохион байгуулалтыг нь ч хийлээ.  Одоо ганцхан сайжруулсан шахмал түлшийг тодорхой цэгүүдэд түгээх ажил л үлдсэн. Энэ ажлыг Хотын дарга С.Амарсайхан хариуцна гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Одоо хот ажлаа хий. Ирэх өвөл Улаанбаатар утаатай байх эсэх нь зөвхөн Хотын даргын гарт шилжсэн. Нийслэлийн мэдэлд шилжсэн. Ард иргэд ирэх өвөл утаатай байвал Хотын даргатай ярь. Би Ерөнхий сайдын хувьд үүнийг албан ёсоор анхааруулж байна. Засгийн газар хийх ажлаа хийсэн. Одоо шат шатандаа ажлаа сайн хий" хэмээн өчигдөр "Тавантолгой түлш" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ мэдэгдэв.  Дээр нь сайжруулсан шахмал түлшийг хэрэглэхэд агаарын бохирдол 50-60 хувь буурч байгааг БНСУ-ын лаборатори батласан байна. Шинжилгээний хариуг тус улсын мэргэжилтэн Пак Сан Ху Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүлээлгэн өглөө.

Энэ бүхнээс харахад хотын утааг Хотын дарга хар толгойгоороо хариуцахаар болж байна. Нөгөө талаараа хотын агаарын бохирдол, утаа ирэх өвөл 50 хувь буурахгүй аваас Хотын дарга С.Амарсайхан ажлаа хангалтгүй хийсэн болж таарах нь. Тиймдээ ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх эртнээс анхааруулж, дээрх мэдэгдлийг хийсэн байхыг үгүйсгэхгүй. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн энэхүү мэдэгдэл нь Хотын дарга С.Амарсайханд хэрхэн тусахыг нийслэлчүүд харах л үлдлээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zorig(183.177.99.94) 2019 оны 06 сарын 20

ЗГ-н түвшин бүх асуудал шийдэгдсэн одоо зөвхөн хяналт түгээлт иргэдийн оролцоо тиймээс Амарсайханд үүрэг даалгавар өгдөг нь зөв аливаа чухал асуудлыг зоосны нүхээр биш хар толгойгоороо хариуцаад ирхээр ажил явнашдээ

0  |  0
зочин(203.91.116.118) 2019 оны 06 сарын 20

Хүрэлсүх мундаг байна аа, Өөр ерөнхий сайд шийдэж чадахгүй байсан шүү, Утаа 50 хувь буурвал Ерөнхий сайдыг дахин сонгоно оо, Ямар олон хүний амь нас аврах болоо, утаа багасвал,,,,,Засгийн газар сайн байна.

1  |  0
зочин(103.57.92.82) 2019 оны 06 сарын 20

Юу ч хариуцаж чадахгүй. Одоо дахиад хэнийг унагаж дэвшиж дарга болох аргаа хайж яваа байх. Энэ Увсынханы шунал дуусахгүй.

0  |  1
ИРГЭН(202.21.115.126) 2019 оны 06 сарын 20

ЭНЭ ӨВӨЛЧ ОЛОН ХҮН ТОЛГОЙГҮЙ БОЛЖЭЭ.БАДЕЛХАН САЙД Ч БАС БАЛАРЧЭЭ.

0  |  1
баатар(183.177.99.94) 2019 оны 06 сарын 20

нээрээл бүхийл нөхцөл байдлаар нь хагаад өглөө харин одоо дунд шатны нөхдүүд хариуцлагтай баймаар байна шүү

1  |  0
Top