“Гурван цагийн бүсгүйчүүд”-ийн хойморт урлагийн одод чуулна

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 19

Зуны дэлгэр цаг ид үргэлжилж байгаа энэ цаг дор урин цагийн хамгийн анхны гэж болох задгай талбайн шоу энэ сарын 21-ны 19 цагаас “Улаанбаатар палас”-ын гадна талбайд нэгэн үдшийг цэнгүүлэхээр зэхжээ.

Задгай талбайн шоунд Ардын жүжигчин, нэрт дуучин Ш.Чимэдцэеэ, МУГЖ “Поп дива” хатагтай Ж.Алтанцэцэг, "Хар сарнай" хамлагийн ахлагч дуучин С.Амармандах, "Нисванис"-ын Л.Энх-Амгалан, СТА дуучин Т.Дэлгэрмөрөн, Э.Чулуунчимэг, А.Хишигдалай, П.Баярцэнгэл, Б.Энхмэнд, н.Баасандорж нарын дуучид ая дуугаа өргөх аж. Улаанбаатарын нэгэн үдшийг цэнгүүлэх давалгаанд "Загасан ширээт тамга", "Гурван бүдүүн", "Нюанс", “FLY” хамтлагууд оролцож ая дуугаа өргөнө. Тэгэхээр уг шоуны өнгө төрх, оролцож буй уран бүтээлчдийн онцлогоос харахад ёстой л гурван цагийн дуучид оролцож байна гэж болохоор. Тийм ч учраас тус шоу нь нас харгалзахгүй бүх насныханд зориулагдсан мэт.  

“Гурван цагийн бүсгүйчүүд”-ийн авьяас билгийг үзэж сонсохоор ирсэн үзэгчдээс азтай үзэгч шалгаруулж, 300 азтанд гарын бэлэг гардуулна гээд сонин содон зүйлээр дүүрэн шоуг зориход та харамсахгүй нь лавтай. Мөн нэгэн сонирхол татахуйц зүйл гэвэл “Тавилан” зэрэг олон романаараа уншигчдын танил болсон зохиолч Л.Сарантуяагийн шинэ номнууд 50 хувийн хямдралтай, бас шар айргийн худалдаатай үзэгч таныг угтан авна гэхээр утга зохиол, урлаг соёлын нэгэн цогц үйлчилгээг нэгэн дороос авч байгаагаараа туйлын онцлогтой.  

Өвөрмөц энэхүү шоуг “Талын Монголын Цуурай Увидас” НҮТББ-аас зохион байгуулж байгаа бөгөөд тус байгууллага нь нийгэмд тустай үйл ажиллагаа явуулж, тоглолтын орлогоо хүнд өвчинд шаналж буй яаралтай гадаадад эмчлүүлэх шаардлагатай гурван иргэний эмчилгээний зардалд зарцуулахаар төлөвлөжээ. Энэ утгаараа үзэгч та нэгэн оройг сэтгэлийн цэнгэл эдлэн өнгөрүүлэхийн зэрэгцээ таны худалдан авсан билет тань өвчинд шаналж буй хүмүүсийн эмчилгээнд зориулагдана. Ийм л гэгээн үйлийн хоймроос олон хүн өвчин шанлалаас салан, хөл дээрээ босч, тэр хүмүүст сэтгэлийн хандив өргөсөн бүхний амьдрал тэгширч байдаг биз ээ. Зүдэрсэн нэгэнд буян болоод зогсохгүй, өөрийнхөө оюунд хөрөнгө оруулалт хийж, урлагийн ододтой нэгэн үдшийг өнгөрүүлэх шоу маань ердөө 20000 мянган төгрөгийн үнэтэй аж. Үзэгч, уншигч та билет захиалахыг хүсвэл 89014253,90110563 90110564 утсанд хандаарай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top