Мьянмар улсын Мандалая хотноо зургадугаар сарын 9-19 хооронд зохиогдсон Зүүн Өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээнд "Элит брайн" олон улсын шатрын академийн сурагчид, ерөнхий дасгалжуулагч Их мастер А.Энхтуулын хамт амжилттай оролцлоо.
Манай академиас эх орноо төлөөлөн оролцсон сурагчдаас зургаа хүртэлх насны ангилалд Н.Энхрийхэн стандарт буюу классик төрөлд 2-р байр, А.Энэрлэн рапид төрөлд 1-р байр тус тус эзлэн Монгол Улс Зүүн Өмнөд Азийн аварга болон дэд аваргатай болсон бол Их мастер А.Энхтуул түргэн тоглолтын төрөлд аварга болж, түргэн тоглолтын олон улсын чансаагаа +11,7 оноогоор ахиуллаа. Түүнчлэн тус академийн сурагчид багийн амжилтаар хоёрдугаар байрт бичигджээ.
Сонирхуулахад, манай сурагчид тэмцээний нээлтийн үеэр Мьянмар улсын сайд ноён Миянт Хтвэ -тэй уулзах боломж тохиосон бөгөөд тэмцээний нээлтийн анхны нүүдлийг сурагч С.Эгшиглэн нүүсэн нь онцлох үйл явдал боллоо. Тус алдартай тэмцээнд амжилттай оролцсон мэргэжлийн ангийн сурагчид болох А.Эрмүүн, Э.Мөнхтүшиг, С.Эгшиглэн, Б.Энхнамуун, А.Энэрлэн, Н.Энхрийхэн нарт болон дасгалжуулагч А.Энхтуул, Э.Амаржаргал, багш А.Гэрэлтогтох нарт баяр хүргэе.
Их мастер А.Энхтуулын хувьд өмнө нь Саудын Араб улсад зохиогдсон эмэгтэйчүүдийн түргэн тоглолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн "шилдэг-30" шатарчдын шагнал авч байсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )