"Сэтгүүл зүйд ҮНЭНИЙГ ТҮГЭЭХ зарчмыг баримтлах нь чухал"

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 21

Өнөөдөр /2019.06.21/ сэтгүүл зүйн түүхэнд цоо шинээр тэмдэглэхүйц өдөр тохиож байна. Энэ өдөр Монгол Улс, БНСУ-ын сэтгүүлчдийн хамтарсан анхдугаар форум Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимд боллоо. Тус форумын анхны хуралдаан өргөн цар хүрээтэйгээр сэтгүүлзүйн салбарт тулгамдсан чухал асуудлуудыг хэлэлцсэн юм. Тодруулбал, "Монголын мэдээллийн вэб сайтын хөгжил", "Монголын сэтгүүл зүйн өнөөгийн чиг хандлага", "Хуурамч мэдээллээс хамгаалах арга зам" зэрэг агуулгыг багтаажээ. Монгол Улс, БНСУ-ын сэтгүүлчид урт удаан хугацааны хамтын ажиллагаатай байсаар ирсэн. Энэ хүрээнд харилцан айлчлал хийж, хамтын ажиллагааны цөөнгүй санаачилга өрнүүлжээ. Энэ удаа харилцан хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж байгаагийн нэг илрэл нь энэхүү "Монгол-БНСУ-ын сэтгүүлчдийн хамтарсан анхдугаар форум"-ыг зохион байгуулж байгаа явдал. 

Форумын эхэнд МСНЭ-ийн ерөнхийлөгчийг түр орлон гүйцэтгэгч, Сургалт, судалгаа хариуцсан Дэд ерөнхийлөгч Ж.Батбаатар "Монгол, Өмнөд Солонгосын хамтарсан анхдугаар форумд хүрэлцэн ирсэн хүндэт, зочид төлөөлөгч, сэтгүүлчдэд баяр хүргэхийн сацуу талархал илэрхийлж байна. Хоёр орны сэтгүүлчдийн байгууллага 2014 оноос эхлэн өнөөг хүртэл харилцан хамтын ажиллагаатай явж ирсэн. Харин энэ өдөр бид хамтын ажиллагаагаа тэлж, анхдугаар форум зохион байгуулж байна. Энэ форумд хоёр байгууллагын зүгээс "Дижитал эрин үеийн сэтгүүл зүй" хэмээх чухал сэдвийг хөндөж байгаа. Дижитал эрин үе бидний ажил хөдөлмөрт маш олон ололт амжилтуудыг авчирсан хэдий ч мөн сөрөг үр дагавруудыг авчирсаар байна. Иймд бидний өнөөдрийн форум үр дүнтэй, өргөн цар хүрээтэй болно гэж найдаж байна" хэмээн онцолсон юм. 

БНСУ-ын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Чон Гю Сон, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх Шин Сон Гюун нар өнөөдрийн форумд оролцон, мэндчилгээ дэвшүүлсэн нь өндөр ач холбогдол өгсний илрэл байв. 

Ингээд форумд оролцогчдын сэтгэгдэл, байр сууриас онцлон хүргэе. 


ӨМНӨД СОЛОНГОСЫН СЭТГҮҮЛЧДИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ  ЧОН ГЮ СОН:
СЭТГҮҮЛЧЭЭР АЖЛЫН ГАРААГАА ЭХЛЭХ ҮЕД СЭТГҮҮЛ ЗҮЙ ЗӨВХӨН БАЛ, ЦААСААР Л АЖЛАА ЯВУУЛДАГ БАЙЛАА
 

-Юун түрүүнд Монгол, Өмнөд Солонгосын сэтгүүлчдийн хамтарсан анхдугаар форум зохион байгуулж, оролцож буй бүх хүнд баярлалаа. Видео контент дэлхий даяар асар хурдтай хөгжиж байна. Миний бие сэтгүүлчээр ажлын гараагаа эхэлж байх үед сэтгүүл зүй зөвхөн бал, цаасаар л ажлаа явуулдаг байлаа. Харин өнөөдөр камер, гар утас, ганц хүний видео гэх мэт өөрөө олон төрлөөр салбарлан хөгжиж байна. Энэ нь нэг талаас авууштай зүйл боловч нөгөө талаараа сөрөг муу тал бий болгож байна. Нэг хүний видео гэж зүйл гарч ирлээ. Энэ өөрчлөлтийг авчирсан ололтууд бас бий. Хэвлэл мэдээлэл зөвхөн нэг чиглэлийн зүйлийг дамжуулдаг байсан бол нэг хүний видео гарч ирснээрээ олон өнцгөөс олон төрлийн мэдээллийг олж авах боломж нээгдэж байгаа юм. Видео хөгжил бол сэтгүүл зүйн хөгжлийг шинэ түвшинд гаргасан төрөл мөн нь мөн. Гэвч үүнээс ургаад олон төрлийн сөрөг тал бий болж байна. Энэ талаар бид өнөөдөр ярилцах гэж байна. Би ярихаас илүүтэйгээр БНСУ-ын сэтгүүл зүйн судлаач, профессор И Мин Кюү энэ талаар илүү сайн ярих байх хэмээн урьж авчирсан байгаа.

***

СЭТГҮҮЛ ЗҮЙН СУДЛААЧ, ПРОФЕССОР И МИН КЮҮ:
СЭТГҮҮЛЗҮЙД ЗААВАЛ ҮНЭНИЙГ ТҮГЭЭНЭ ГЭСЭН  АЛТАН ЗАРЧМЫГ БАРИМТЛАХ ЁСТОЙ
 

-Хуурамч мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа энэ олон байгууллагуудын хувьд заавал үнэнийг түгээнэ гэсэн ажлын зарчмыг сэтгүүл зүйд баримтлах шаардлагатай. Тухайн мэдээлж байгаа мэдээллийнхээ эх сурвалжийг үнэн бодитой эсэхийг шалгадаг дотоод системийг бүрэлдүүлж тогтоох нь нэг номерын асуудал. Манай улсын хувьд хуурамч мэдээллийг шалгахад сургууль, албан байгууллагууд тал талаас хамтран оролцож, “Fake check” гэж систем бүрдүүлсэн. Бид энэ цахим системийг нэвтрүүлж ажилласнаар багагүй амжилттай ажиллаж байгаа гэдгийг онцолж хэлмээр байна. Иймэрхүү систем бий болгох нь нэг хэрэг. Мэдээж үүнийг хэвлэл мэдээллийн байгууллагууд ягштал баримталж ажиллах нь илүү чухал асуудал. 

***

МСНЭ-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН М.ЗУЛЬКАФИЛЬ: 
СОШИАЛ МЕДИАГИЙН МЭДЭЭЛЛИЙГ ШУУД ЭХ СУРВАЛЖ БОЛГОХ НЬ СӨРӨГ ТАЛТАЙ
 

-Өнөөдөр Монгол, БНСУ-ын сэтгүүлчдийн анхдугаар форум болж байна. Сүүлийн жил МСНЭ-ийн гадаад харилцаа өдрөөс өдөрт өргөжин тэлж байгаа. Өнгөрсөн жилийн намар бид Монгол-Хятад сэтгүүлчдийн есдүгээр форумыг Өмнөговь аймагт зохион байгуулсан. Энэ удаа харин Өмнөд Солонгосыг сэтгүүлчдийг оролцуулсан форумыг Улаанбаатар хотод зохион байгуулж байна. Форум тодорхой сэдвийн хүрээнд өрнөх юм. Өөрөөр хэлбэл, дижитал технологи цахим эриний энэ үед сэтгүүл зүй хэрхэн ажиллах вэ гэсэн асуудлыг хөндөж, олон талаас нь хэлэлцэхээр ирсэн. Өмнөд Солонгосын талаас 25 сэтгүүлч оролцож байна. Мэргэжлийн байгууллагын удирдах зөвлөлөөс эхлүүлэн эрдэмтэн, судлаачид сонирхолтой итгэл, лекц бэлтгэн хүргэлээ.

Тоон технологи хөгжсөн энэ үед цахим сэтгүүл зүйг тав дахь засаглал гэх түвшинд ярих болжээ. Энд эерэг тал нь мэдээллийн шуурхай байдал, хүртээмжтэй байдал, олон нийтийг хамрах, өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх, олон ургалч үзлийн индэр болох гэх мэт олон давуу тал харагддаг. Харин мэдээллийн эх сурвалжийг нягтлаагүй, сошиал медиагийн мэдээллийг шууд эх сурвалж болгон ашиглах, баталгаа нотолгоогүй, үнэн бодит бус мэдээллийг хэт шуурхай хүргэх хандлага илт нэмэгдсэнээс болоод мэдээллийн чанар, ур чадвар, мэдээллийн багтаамж, бичлэгийн арга барилаас сөрөг хандлага ажиглагдаж байна. Зарим үед сэтгүүлчийн ур чадвар доош татаж байгаа зүйл ч байна. Энэ мэт асуудлыг хөндөж, санал солилцож, туршлага судалж байгаагаараа өнөөдрийн форум манай хэвлэлийнхний хувьд өндөр ач холбогдолтой. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.138.91.137) 2019 оны 06 сарын 21

Сайн уу, ээж ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com* Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * * - имэйл: matildalecoustre@gmail.com* wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top