Нүцгэн ҮНЭН

2019 оны 06 сарын 23

Дээрх зураг нь 1896 онд Францын зураач Жан Леон Жеромын – "Хүн төрөлхтнийг шийтгэхээр ташуур барин худгаас гарч буй нүцгэн Үнэн" хэмээх нэртэйгээр зурсан алдарт зураг.
...Байгалийн бүтээл, ҮНЭН хоёрт л гоо сайхан бий гэсэн санааг илэрхийлжээ. Хэрэв тайлбарыг нь мэдэхгүй бол зүгээр ташуур барьсан нүцгэн эмэгтэй. Тэр нүцгэн тэгээд ташууртай, хилэгнэсэн царай зүстэйгээр юу хийх гэж байна л гэх байх. Тэгэнгүүт хувцастай Худал түүнийг гүтгэнэ. Хүмүүсийг харж байгаад нь итгүүлнэ. Ингээд л хэн ч жинхэнийг нь мэдэхгүйгээр ахин ташууртай эмэгтэйг жигшинэ. Үнэн, Худал хоёыг ялгаж салган ойлгоход бэрх гэж энэ буюу.

"Үнэн гэдэг худгийн ёроолд хэвтэж байдаг юм"

Эртний домогт өгүүлснээр Үнэн, Худал хоёр нэг удаа уулзаж гэнэ.
Худал:
-Өнөөдөр сайхан тогтуун өдөр байна хэмээн үнэнээр хэлж гэнэ. Үнэн эргэн тойрноо ажин харвал үнэхээр л сайхан өдөр болж байв. Нэгэн худгийн дэргэд ирэх хүртлээ тэд хамтдаа их удаан алхжээ. Худал:
-Энэ худгийн ус их дулаан байна. Хамт усанд оръё гэж дахин үнэнээр хэлэв. Үнэн эргэлзэнгүйгээр худгийн усанд гараа дүрж үзвэл үнэхээр л бүлээхэн сайхан байв. Тэд хувцсаа тайчин, хамтдаа худгийн усанд булхажээ. Тэгтэл Худал уснаас гэнэтхэн гараад Үнэнийг хувцсыг өмсөөд зугтчихжээ. Уурлаж хилэгнэсэн Үнэн араас нь ухасхийн гарч Худлаас хувцсаа буцаан авахаар хөөв. Гэвч чармай нүцгэн Үнэнийг харсан хүмүүс түүнд туслах нь бүү хэл хорсол жигшил, ичгүүртэйгээр нүүр буруулцгааж байв. Хөөрхий Үнэн худагтаа буцан орж ичгүүртэй нүцгэн биеэ нуух болов. Тэр цагаас хойш Худал хорвоо ертөнцөөр Үнэнийг хувцсыг өмсөн явж, нүцгэн Үнэнийг харах дургүй хүмүүсийн хүсэл дурд нь нийцдэг болжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top