Монгол түмний их цэнгэл баяр наадам эхлэхэд хоёрхон долоо хоногийн хугацаа үлдлээ. Уяачид хурдан морьдоо үсэргэж, хүчид бөхчүүд нь зүлэг ногоон дэвжээнээ бэлтгэлдээ гарч, эрхий мэргэн харваачид нь нумаа эвшээлгэн байна. Ардын хувьсгалын 97 жилийн ой, өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмын түрүү бөх тодорсон Увс аймгийн “Увс нуур” бөхийн галаар өнгөрсөн бямба гарагт зочиллоо.
“Увс нуур” галынхан Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Харзтайн аманд байрлах “Шүтээн” амралтын баазад бэлтгэлдээ гарчээ. Увсынхан энд сүүлийн есөн жил наадмын бэлтгэлээ хийж буй юм. Энэ сарын 9-нөөс Увс нуур галынхан бэлтгэлдээ гарсан байна. “Увс нуур” галын ерөнхий дасгалжуулагчаар Увс аймгийн Хяргас сумын уугуул, самбо бөхийн дэлхийн аварга, Монгол Улсын гавъяат тамирчин, Улсын заан О.Одгэрэл, түүний туслах дасгалжуулагчаар Увс аймгийн Хяргас сумын уугуул Улсын начин С.Батсуурь ажиллаж байна. О.Одгэрэл заан өнгөрсөн жил мөн “Увс нуур” галынхаа бөхчүүдийг дасгалжуулж, Н.Батсуурь арслан түрүүлж, аварга цолонд хүрсэн байна. Улсын аварга С.Мөнхбат, Н.Батсуурь, арслан П.Бүрэнтөгс, гарьд Ө.Бат-Орших, заан Н.Жаргалбаяр, харцага А.Бямбажав тэргүүтэй улсын болон аймгийн цолтой, залуу бөхчүүд нийлсэн 60 орчим бөх бэлтгэлээ базааж байна. Ням гаригт Бөхийн өргөөнд болсон хүчит бөхийн барилдаанд зодоглохоор арслан П.Бүрэнтөгс тэргүүтэй улсын болон аймгийн цолтой бөхчүүд хот руу явсан байлаа.
Биднийг очиход нар дээр хөөрсөн тул бөхчүүд амарцгааж, өдрийн хоолондоо орж байв. Харзтайн аманд Баян-Өлгий аймгийн бөхчүүд мөн наадмын бэлтгэлдээ гарчээ. Бямба гаригт Баян-Өлгий аймгийн бөхчүүд наадмын сорилго барилдаанаа хийсэн юм. Тус сорилго барилдаанд “Увс нуур” галын нийт 10 гаруй аймгийн цолтой болон залуу бөхчүүд зодоглов. Баян-Өлгий аймгийн наадмын сорилго барилдааныг “Увс нуур” галын дасгалжуулагч, улсын заан О.Одгэрэл, аварга Н.Батсуурь тэргүүтэй бөхчүүд үзэж сонирхов. Тус барилдаанд нийт 64 бөх барилдсанаас Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат Улсын начин Б.Серик түрүүлж, Баян-Өлгийн аймгийн Цэнгэл сумын харьяат аймгийн арслан У.Береке үзүүрлэлээ. Их шөвөгт Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат аймгийн заан О.Түмэн, Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат аймгийн харцага Б.Төмөрбаатар үлдлээ.
УЛСЫН ЗААН О.ОДГЭРЭЛ: ХӨДӨЛМӨРЛӨЖ ЗҮТГЭЖ ЧАДСАН НЬ УЛСЫН
ЦОЛОНД ХҮРНЭ
“Увс нуур” галынхан бэлтгэлд гарахын өмнө дасгалжуулагч багшийн зүгээс Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Х.Баянмөнх багштайгаа бөхчүүдийнхээ бэлтгэлийг хэрхэн хангах талаар санал солилцсон гэж байлаа. “Увс нуур” галын дасгалжуулагч, Улсын заан О.Одгэрэлтэй бөхчүүдийн бэлтгэл, сургуулилтын талаар ярилцлаа.
-Бөхчүүдийн наадмын бэлтгэл, сургуулилт хэр байна?
-“Увс нуур” галд 60-аад бөх наадмын бэлтгэлээ хийж байна. Ер нь жил бүр 50-60 бөх бэлтгэлээ хийдэг. Наадмын өмнөх нэг сарын бэлтгэлийн хугацаа бол бөхчүүдийн сэргэлтийн бэлтгэл байдаг. Түүнээс бөхчүүд бол байнга л бэлтгэлтэй байгаа. Наадам дууслаа долоодугаар сарын 15 гээд бөхчүүд аймаг, орон нутгийн наадамд очиж зодоглодог. Ер нь үндсэн бэлтгэл есдүгээр сараас эхлээд зургаадугаар сарын 15 хүртэл үргэлжилдэг. Энэ үндсэн бэлтгэлийн үр шимийг жаахан ирийг нь тааруулаад л наадмын барилдаанд зодоглуулах нь чухал юм. Түүнээс энд гарч ирээд бөхчүүд өндөр ачаалалтай дасгал сургуулилт хийх нь чухал гэж би үзэхгүй байна. Тэгж хүүхдүүдээ ядраахгүй. Бөхчүүдээ сэргээж наадамд барилдуулах нь чухал юм. Бэлтгэл жигдэрч байна.
-“Увс нуур” гал олон сайхан залуу бөхчүүдээр хүч нэмсэн харагдаж байна?
-Манай гал дээр ирж бэлтгэл сургуулилтаа хийе гэсэн залуучуудын сонирхол их байдаг. Би аварга, арслан, гарьд больё гэсэн хүсэлтэй залуучууд маш их орж ирж байгаа. Нутаг усны онцлог байдаг юм уу, Увсын бөхчүүд маань их дайчин, хөдөлмөрч залуучууд байдаг. Энэ хэрээрээ залуу бөхчүүд маань амжилтад хүрдэг. Тиймээс бид залуу үеэ сайн анхааръя гэж байгаа. Бөхийн ирээдүй нь аймаг, улсын цолтой бөхөөр хязгаарлагдахгүй юм. Бид улсын наадмын толгойд барилддаг олон бөхчүүдтэй. Энэ том цолтой бөхчүүд нь хэдэн жил улсад барилдах хооронд сумын заануудыг гаргаж ирэх нь чухал юм. Манай галын сумын заанууд сайжирч байгаа. Залуучууд аймаг, орон нутагтаа сайн барилдаад 3, 4 жилийн дараа дээшээ гараад ирнэ гэсэн найдлагатай байна. Бөх болох гэж байгаа хүүхдүүд хүмүүжилтэй, сахилга баттай байх ёстой. Хүний үг сонсдог, хийе гэсэн бэлтгэл сургуулилтыг хийж, зүтгэж чаддаг байх ёстой. Түүнээс авьяастай байгаад бөх болохгүй. Хүмүүжилтэй, 100 хувь хөдөлмөрөө зарцуулж байж сайн бөх болно.
-Улсын цол хүртэх боломжтой залуучууд олон байна уу?
-Байгаа байгаа. “Увс нуур” галаас улсын цолонд хүрэх болов уу гэсэн залуучууд олон бий. Ер нь хэн сайн бэлтгэлтэй, хөдөлмөрлөж чадсан нь улсын цолонд хүрнэ дээ. Манай О.Гантулга арслан байна. Олон жил “бор зүрхээрээ” сайн барилдаж байна. Хүмүүс түүнийг “Начин болчихоосой” гэж ярьдаг. Гэтэл манай хүн начин болдоггүй нь харамсалтай санагддаг. Та бүхэн мэдэж байгаа шүү дээ. О.Гантулга арслан маань ямар сайн бөхчүүдтэй тунаж барилдаж байсан билээ дээ. Нас нь яваад байдаг. Би дасгалжуулагчийн хувьд улсын цол авчихаасай гэсэн чинь хүсэл байдаг.
-Улсын наадмаар өндөр даваанд таны шавь нар хоорондоо таарсан тохиолдолд сэтгэл зүйн хувьд ямар байдаг вэ?
-Хэцүү юм билээ. Өнгөрсөн жилийн наадмаар гэхэд долоогийн даваанд миний шавь Улсын харцага Н.Золбоо, Улсын аварга Н.Батсуурь хоёр таарсан. Би хэнийг нь гэх үү. Аймаар шаналгаатай юм билээ. Олон сайн шавьтай байх хэцүү юм биш үү /Инээв/.
-Ноднин жил Н.Батсуурь аварга үзүүр түрүүнд үлдэхэд ямар зөвлөгөө өгч байв?
-Гараад өөрийнхөөрөө барилд гэж зөвлөсөн. Манай Н.Батсуурь ухаантай, удамтай, мэдрэмжтэй хүүхэд шүү дээ. Та нар барилдааныг харсан. Бөх хүн тийм л байх ёстой.
С.МӨНХБАТ: НААДМААР ТҮРҮҮЛЧИХЭЭД ЯРИЛЦЛАГА ӨГЬЕ
Өдөр 16:00 цагийн үед бөхчүүдийн бэлтгэл сургуулилт эхэллээ. Дасгалжуулагч багш О.Одгэрэл заан бөхчүүдийг бэлтгэлдээ гарахыг үүрэгдсэн ёсоор, бөхчүүд голын захад цугларчээ. Бөхчүүд тэсвэрийн бэлтгэлийн ээлжтэй өдөр ажээ. Өмнөх хоёр өдөр нь бөхчүүд барилдааны техникийн бэлтгэл хангасан байна. “Увс нуур” галын бөхчүүд өглөө эрт босоод кросст гүйгээд өглөө, оройдоо барилдааны үндсэн техник болон бусад дасгал сургуулилтаа давтдаг байна.
Дасгалжуулагч багшийн командаар Улсын аварга С.Мөнхбат тэргүүтэй 30 гаруй бөх уул руу гүйгээд явчихав. Удалгүй уулнаас бууж ирсэн бөхчүүд хуваагдан ойрын зайны гүйлт хийж байлаа. Аварга, арслан, залуу бөх гэлтгүй дасгал сургуулилтаа сайн чанартай хийхийг багш нарын зүгээс шахаж харагдав. Гүйлтийн дасгалын дараа галуун цуваагаар явуулах, гар дээр сунайлгах зэргээр бөхчүүдийн бэлтгэл үргэлжиллээ. Мөн голын ус руу харайлгах, нэг нэгнээ үүрч голын цаана гарах даалгаврыг дасгалжуулагч багш зааварласан ёсоор бөхчүүд сургуулилтаа хийлээ. Өмнөх өдрүүдэд бөхчүүд барилдааны сургуулилт хийсэн учраас бямба гарагт тэсвэр хатуужлын бэлтгэл хийж буй нь энэ юм. Дасгалжуулагч багш өөрийн зохиосон бэлтгэл сургуулилтаа хийлгэж байгаа гэж байв. Бөхчүүдээ хэрхэн бэлдэх, ямар дасгал сургуулилт хийлгэх зэрэг нь нууц байх ёстой хэмээн дасгалжуулагч багш зарим зүйлийг ярихыг хүссэнгүй.
Увс аймгаас улсын цолонд ойрхон, энэ жилийн баяр наадамд улсын цол хүртэх боломжтой аймгийн арслангууд бэлтгэлээ базааж байна. Аймгийн арслан О.Гантулга, Ж.Ням-Эрдэнэ, Л.Цээсүрэн, Ц.Мөнхбаяр, Д.Тогтохжаргал гээд хүчтэй аймгийн арслангууд бий. Аймгийн арслан Оюуны Гантулга олон жил сайн барилдаж байгаа аймгийн арслан. Түүнийг бөх сонирхогчид улсын цолонд хүрнэ хэмээн олон жил найдлага тавьж буй.
Улсын заан Д.Бумбаяр бөхчүүдэд зөвлөгөө өгч, бөхчүүдийг дасгал сургуулилт хийлгэхэд тусалж байлаа. Д.Бумбаяр “Бөхчүүдийн бэлтгэл сургуулилт жигдэрч байна. Ер нь ч бөхчүүд маань суурь бэлтгэлтэй учраас сэргэлт авах, биеэ чангаруулах, сэтгэл зүйн бэлтгэлтэй болох нь чухал байдаг. Залуучууд амжилттай сайн барилдахын тулд бэлтгэлээ чамбайруулж, бэртэл гэмтэлгүй дасгал сургуулилтаа хийх нь чухал байна” гэлээ.
Улсын аварга С.Мөнхбат, Н.Батсуурь нараас бэлтгэл, сургуулилтынх нь талаар тодруулах гэсэн боловч улсын баяр наадмын дараа больё гэж байлаа. Бөхчүүд баяр наадмын өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах, ярилцлага өгөх нь наадмын барилдаанд нөлөөлнө гэж үздэг бололтой. С.Мөнхбат аварга “Наадмаар түрүүлчихээд ярилцлага өгье” хэмээн цааш эргээд явчихав. Дасгалжуулагч багшийн зүгээс “Аваргуудын бэлтгэл сайн байгаа. Дээгүүр барилдана гэж итгэл хүлээлгэж байна” гэж байлаа.
Увс аймгаас улсын цолонд ойрхон, энэ жилийн баяр наадамд улсын цол хүртэх боломжтой аймгийн арслангууд бэлтгэлээ базааж байна. Аймгийн арслан О.Гантулга, Ж.Ням-Эрдэнэ, Л.Цээсүрэн, Ц.Мөнхбаяр, Д.Тогтохжаргал гээд хүчтэй аймгийн арслангууд бий. Аймгийн арслан Оюуны Гантулга олон жил сайн барилдаж байгаа аймгийн арслан. Түүнийг бөх сонирхогчид улсын цолонд хүрнэ хэмээн олон жил найдлага тавьж буй.
Аймгийн арслан Д.Тогтохжаргалын сэтгэгдэлийг сонслоо. Тэрбээр өнгөрсөн жилийн баяр наадмаар дөрвийн даваанд Улсын арслан Б.Содномдоржтой оноолт таарч өвдөг шороодсон. Аймгийн арслан Д.Тогтохжаргал “Бэлтгэл сайхан жигдэрч байна. Улсын баяр наадамдаа энэ жил тав дахь удаагаа зодоглоно. Би “Увс нуур” дэвжээндээ 2009 оноос хойш хичээллэж байна. Би дөрвөн удаа баяр наадамдаа зодоглохдоо хоёр удаа гурав давсан. Сүүлийн хоёр наадамд дөрвийн давааны нугалаан дээр өвдөг шороодсон. Энэ жил баяр наадмаар сайн барилдаад цолонд хүрчих юмсан гэсэн зорилго тавиад бэлтгэлээ хийж байна. Ачаалал ихтэй хичээллэж байгаа” гэлээ.
“Увс нуур” бөхийн галын тэргүүнээр олон жил ажилласан Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав ажлаа өгч галын тамгаа нутгийн зөвлөлийн хурлаар сонгогдсон БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад шилжүүлсэн байна. Энэ хугацаанд улсын наадмын 5 түрүү, 5 үзүүр, их шөвөгт 12 бөх, улсын цолтон 30 гаруй мөн дэлхийд нэр алдраа дуурсгасан алдартнуудыг төрүүлжээ. Дасгалжуулагч багш О.Одгэрэл, “Увс нуур” бөхийн галын тэргүүн Н.Цэрэнбаттай уулзаж санал солилцсон тухайгаа “Би галын дасгалжуулагчийн хувьд уулзаж, санал солилцсон. Оновчтой санал гаргаж ирж тавьж байгаа. Цаашид Увс нуур бөхийн гал яах вэ гэдэг ажлын төлөвлөгөө нь таалагдсан. Улсын цол, аймгийн цол, сумын цолтой бөхчүүдийг гаргасан амжилтаар нь урамшуулал олгох, бөхчүүдийн бэлтгэл сургуулилтыг цаг бүртгэлтэй болгох гэх зэрэг санаачилга гаргасан зэрэг нь зүгээр санагдсан” гэлээ.
“ДОПИНГ ХЭРЭГЛЭСЭН БӨХИЙГ БАРИЛДУУЛМААРГҮЙ БАЙНА”
Саяхан “Увс нуур” галын 20 жилийн ойд зориулсан барилдааны үеэр барилдах эрхээ хоёр жилээр хасуулсан зургаан бөхийн эрхийг сэргээж байгааг зарласан билээ. Тодруулбал, Увс аймгийн Улаангом сумын уугуул, улсын гарьд Ө.Бат-Орших, Ховд аймгийн Чандмань сумын уугуул Улсын заан Б.Пүрэвсайхан, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, Улсын начин Э.Даш, Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул, аймгийн хурц арслан Б.Номиндалай, Архангай аймгийн Тариат сумын уугуул, сумын заан С.Майнбаяр нар барилдах эрхтэй болсон.
Аймгийн цолтнуудын дунд ийм яриа өрнөв. “Допинг хэрэглэсэн асуудлыг нэг талд нь болгомоор байна. Үнэхээр допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бол тодорхой хугацаанд улсын баяр наадамд барилдуулмааргүй байна шүү дээ. Допинг хэрэглэсэн бөхтэй бид барилдаад яаж давах юм. Олон жил хүч хөдөлмөр, амьдралаа зориулж улсын цолонд хүрэх гэж зүтгэж яваа залуучууд допинг хэрэглэсэн бөхтэй таараад унавал харамсалтай байна. Иймд энэ тал дээр бөхийн холбоо анхаарах шаардлагатай” гэдгийг онцолж байлаа. Увсынхан 2010 оноос хойш төрийн наадмын таван түрүүг хүртээд байгаа билээ. Б.Ганбат арслан 2010 онд, С.Мөнхбат аварга 2011 онд, П.Бүрэнтөгс 2012 оны баяр наадамд тус тус дараалан түрүүлсэн бол Н.Батсуурь аварга 2014, 2018 оны улсын баяр наадамд түрүүлсэн. П.Бүрэнтөгс арслан 2015 оны баяр наадамд, Ө.Бат-Орших гарьд 2017 оны баяр наадамд үзүүрлэснээс үзэхэд “Увс нуур” галынхан төрийн наадмын өнгөнд барилдаж байна.
“Увс нуур” галынхан бүрэнхий болоход Халуун элгэн нутаг, Цэнхэр тэнгэр, Увс нуур, Мөнхөд дурсагдах хүчтэн зэрэг дуунуудаа дуулснаар нэг өдрийн бэлтгэлээ жаргаалаа.
Сэтгэгдэл ( 9 )
Сэлэнгийнхэн хэдэн онд юм дээ тэрэгний морь тайлж ирээд цоллуулаад , баруун талаас Саша коля зүүн талаас пу .. гэсэн үнэн юм у
Мөнгөтэй хүн тэргүүн нь байсан юм чинь аврага арслан олон төрхөөс яах вэ
Бие ээ тоосон хэдэн бүдүүн юмнууд. Циркийн алиалагч бөх 2 нэг үүрэгтэй. Ард олны сэтгэлийг сэргээх. Өөр хэн ч биш.
turuuleh bha,mundag
Сайн уу, ээж ээ Захидал: matildalkoustre @ gmail. комын Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
Цэдэнбалын үеэс л сад тавьсан шүү дээ.
Turuulj haragdaach
Яах аргагүй мундаг юмаа Увсыхан үндэсний бөх улам хөгжих болтугай.
Амжилт хүсье. Начин тѳрѳх болтугай.