Шүүхийн байгууллага МАНАН-г хамгаалдаг гээд шүүгчдийг өөрчлөхийг шаардав

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 24

Монгол Улсын шүүх засаглалд шинэчлэл хийхийг шаардан УИХ дахь “Баялагтаа эзэн Монгол” лобби бүлгийн гишүүд ҮАБЗ-д албан бичиг хүргүүлсэн байна. Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол УИХ-ын гишүүд ард түмэнтэйгээ хамтарч Улсын Дээд шүүхийн гадна жагсаал цуглаан зохион байгуулахад бэлэн байгаагаа зарласан юм.

Хууль хяналтын байгууллагаа манан мафиас салгая

Ж.БАТЗАНДАН: Хэдхэн сарын өмнө нам харгалзахгүй таван гишүүн нэгдэж Монгол орон даяар шударга ёсны тэмцэл эхлүүлж байсан. МАНАН мафийн эсрэг хийсэн бидний тэмцэл 2018.11.27-ноос эхэлсэн. Тухайн үед тамхины наймаачин, эрүүдэн шүүсэн ажлыг зохион байгуулсан, олон арван аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг дарамталсан генерал “дөрвөн үсэгтэй” нөхрийг Өмнөд Солонгосын Элчин сайдаар томилох шийдвэрийг эсэргүүцэж УИХ-ын гишүүн 21 гишүүн гарын үсгээ цуглуулж, нийтийн сонсгол зохион байгуулж байсан. Генерал “дөрвөн үсэгт” маань “Эрдэнэт”-ийн 49 хувийг өөрийн дотны найз сахал Д.Эрдэнэбилэгтээ авч өгснөөрөө, хар тамхины наймаачдыг хамгаалж өмгөөлдгөөрөө бахархдаг гэдгийг Монголын ард түмэн мэднэ. Генерал Б.Хурцын явуулсан мөрдөн шалгах ажиллагаанаас болж Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын олон арван залуус эрүү шүүлтээр орж, хилс хэргээр ял эдэлж байна. МАНАН мафийн эсрэг тэмцэл 60 тэрбум төгрөгийн хэргээр үргэлжилсэн. Мөн хулгайд алдсан стратегийн ордуудаа эргүүлж авахаар нэгдсэн. Одоо бид хууль хяналтын байгууллагаа МАНАН мафиас салгах тэмцэлд орж байна. Бид 60 тэрбумын хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд явж байна. 60 тэрбумын схемийг хамгаалдаг байсан АТГ, прокурорын удирдлагуудыг өөрчилсөн. “Эрдэнэт”-ийн 49 хувийг УИХ-аар оруулахгүйгээр дээрэмдэж авсан “дөрвөн үсэгт” генерал 30 хоног суугаад ямар ч ял авалгүй гадуур чөлөөтэй явж байна. Д.Эрдэнэбилэгийг хорих асуудлаар олон шүүгч айдастай байгаа. Дээд шүүхийн Ц.Зоригт, Эрүүгийн танхимын шүүгч Б.Цогт бол МАНАН мафийн гишүүн. Эд байгаа цагт Монголын шүүх өөрчлөгдөхгүй. Бидний дараагийн тэмцэл Монголын шүүхийг МАНАН мафиас салгах тэмцэл байх болно. Бид МАНАН мафийн гар хөл болсон бүх шүүгчийг өөрчил гэсэн шаардлагыг ҮАБЗ-д хүргүүлж байгаа. УИХ-ын гишүүд бид ард түмэнтэйгээ хамтарч Улсын Дээд шүүхийн гадна жагсаал цуглаан хийхээс аргагүй байдалд хүрч байна. Монголын шүүх мафид үйлчилж байгаа цагт шударга ёс хэзээ ч тогтохгүй.

Шүүгчдийг өөрчлөхгүйгээр Б.Хурцын хэрэг шийдэгдэхгүй

Т.АЮУРСАЙХАН: Сүүлийн 20 гаруй жил төр, бизнесийг холбосон бүлэглэл Монгол Улсыг удирдаж байсан. Үүнд хууль, шүүхийн байгууллага үйлчилж байсан. Монгол Улсын баялгийг эрхшээлдээ авсан энэ бүлэглэл санхүүжилтийн тодорхой схемтэй. Нэгдүгээрт, Монголын байгалийн баялгаар санхүүждэг. Хоёрдугаарт, авлига. Томоохон бизнесменүүдийг дарамталдаг. Тендер, концесс нэрээр улсын мөнгийг завшдаг. Ингэж мафийн бүлэглэлээ санхүүжүүлдэг. Мөн хүмүүсийг төрийн албанд байрлуулж, их хэмжээний мөнгө босгодог. Дөрөвдүгээрт, хууль бус наймаа болох тамхи, хар тамхины наймаагаар тэжээгддэг. Төр, бизнесийг холбосон энэ бүлэглэлийг төрөөс авч хаях, эдгээрт үйлчилдэг хуулийн байгууллагуудад цэвэрлэгээ явуулах шаардлагатай. 2019 оны нэгдүгээр сарын 29-нд бид УИХ-ын даргыг чөлөөлсөн. Ингэснээр шинэчлэлээ гүнзгийрүүлэх боломж бүрдсэн. Хуулийн байгууллагад хамгаалалттай байсан томоохон хэргийг шалгах боломжтой болсон. “Эрдэнэт”-ийн 49 хувийн болон “Жаст”-ийн Ш.Батхүүгийн хэргийг эрчимтэй шалгаж байгаа. Мөн “Оюутолгой”-той холбоотой С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарын хэрэг шүүхэд шилжсэн. Гэхдээ бид шүүхэд найдаж болохгүй. Тэнд МАНАН бүлэглэлийн гар хөл идэвхтэй ажиллаж байна. ҮАБЗ-ийн гурван гишүүн шүүгч нарт өөрчлөлт оруулах хэрэгтэй. Нэн даруй Улсын дээд шүүхийн Б.Цогт, Х.Идэр, М.Батсуурь, Ц.Зориг нарыг өөрчлөх ёстой. Шүүгчдийг өөрчлөхгүйгээр Б.Хурц тэргүүтэй нөхдийн хэрэг шударгаар шийдэгдэхгүй.

Шүүхийнхний 70 хувь нь манан системтэй холбоотой

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Ордон дотор улс төр хий эргэж, шударга ёсны хүсэмжлэлд хариулт өгч чадахгүй нөхцөл байдалд парламент орж байсан. Тиймээс бид 30 мянгуулаа жагссан. Тэр жагсаалууд болоогүй бол бидний тэмцэл ордонд замхрах байсан. Хэзээ ч хийгдэхгүй байсан зүйлүүд болсон ч иргэд сэтгэл ханамжтай биш байгааг ойлгож байна. Би сайд боллоо гээд албан тушаалд амаа үдүүлдэг арчаагүй амьтан биш. Баяр наадмын үеэр хөшигний цаана олон булхай хийгддэг. Бид өрөвдөж болохгүй. Бид тэмцлээ сулруулж болохгүй. “Эрдэнэт”-ийн 49 хувь мөнгө угаалт байсан эсэхийг шүүх шийдэх гэж байна. “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэргийг шүүх шийдэх гэж байна. Хэрэв цаазын ялтай байсан бол цаазалчихаар шүүхийн шийдвэр гарсан гурван хүнийг эрүүдэн шүүсэн бичлэг илэрсэн. Прокурор, тагнуул, авлигатай тэмцэх газрын удирдлагууд оролцсон. Энэ хэргийг яаж шийдэхийг дэлхий нийт харж байна. Шүүхийнхний 70 орчим хувь нь МАНАН системтэй холбоотой. МАНАН Монголын нийгмийг гажуудуулж байгаа хорт хавдар. Шаардлагатай үедээ гарч ирж, өөрийгөө “дэлбэлдэг” хүмүүс төрийн ордонд бий. МАНАН-г гүйцэд дарахад 10 жил хэрэгтэй. Төрийн бүх систем энэ хүмүүсийн гарт орсон. Одоогоор МАНАН хавдрын эд эсүүд шоконд орчихсон байна. Нийгмийн анхаарал сулрахад л эргээд сэргэнэ. Тиймээс бид илүү эрчимтэй ажиллах ёстой.

Шүүхийг өөрчлөхгүй бол манан хэзээ ч нурахгүй

Л.БОЛД: МАНАН дэглэмийн эсрэг ард түмний хөдөлгөөн зогсоогүй. Бидний тэмцлийн хамгийн хариуцлагатай шат шүүхийг өөрчлөх явдал. Монголын шүүхийг өөрчлөхгүй бол МАНАН хэзээ ч нурахгүй. Шүүхийг өөрчлөхгүй бол Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар хоригдсоор байна. Энэ залуусыг шүүх суллахгүй байна. Монголын шүүх шинэ жил, цагаан сар, наадмаар шийдвэрээ гаргадаг. Удахгүй улсын наадам болно. Өнөөдөр шүүхийг өөрчлөхгүй бол Монголын ард түмнийг мөхөл рүү хөтөлж байна. Хэрэв энэ хувьсгал эхний ялалтаа аваагүй бол бид “Эрдэнэт”-ийг, Сүхбаатарын талбайгаа алдах байсан. Өчнөөн олон стратегийн орд, эрх нь зөрчигдсөн иргэдийг бид хамгаалах болно. Бид шүүхтэй халз үзнэ. Монголын МАНАН-гийн хар шүүхийг дарах цаг болсон.

Шүүх дуудлага худалдаагаар хэргийг шийдэж байна

Х.НЯМБААТАР: Бидний тэмцлийн үр дүнд шүүх тодорхой хэмжээгээр хариуцлагатай болсон. Тиймээс тэмцэл маань цаашид илүү хүчтэй өрнөх ёстой. Монгол Улс 1990 оны дөрөвдүгээр сард Төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан гэм хорыг арилгах журмын тухай хууль, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүх, прокурорын хууль бус үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан гэм хорыг арилгах журмын тухай хууль гэсэн хоёр чухал хууль баталсан. Ингэж эрхзүйт төрийг зарлан тунхагласан. Харамсалтай нь ардчилал хөгжсөн 29 жилийн хугацаанд хууль журам гажуудаж ирсэн. Б.Хурц гэдэг хүний гэм буруутай үйл ажиллагааны улмаас эрүүдэн шүүсэн, бизнесийг нь булаасан гээд хэчнээн хүн хохирсон бол. Өөрийнх нь компанид татвар оногдуулсных нь төлөө 7.6 жилийн ял өгсөн байдаг. Эрүүдэн шүүх замаар ялаа эдэлчихсэн олон хүн байгаа. Нүүрсний хэргээр залуучуудыг зургаан жил тарчлаасан. Шүүхийн байгууллага дуудлага худалдаа маягаар хэргийг шийдэж байна. Өнөөдөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хамгийн том бүлэг бол шүүх засаглалын өөрчлөлт.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өмгөөлөгч(66.181.180.175) 2019 оны 06 сарын 24

өөрт нь таалагдахгүй л бол өөрчлөх асуудал ярих болж дээ хэдхэн хүмүүсийн хүрээнд ярина гэхээс биш ажлаа мөрөөрөө хийж байгаа шүүгчийг хэлмэгдүүлэх хэрэггүй л байх даа

0  |  0
Иргэн(103.9.90.53) 2019 оны 06 сарын 24

Нүүрсний хэрэг, татварын хэрэг оргүй биш байх аа. Мөнгө төгрөг зувчуулсан асуудал байгаа л байх. Яригдаад байгаа хүн нь өөрийнх нь компанийг оролдохтой зэрэг бөгсийг нь ухаж илрүүлсэн арга зам нь л буруу байсан байх. Хэн хэн нь хариуцлага хүлээх нь зөв байх. Одоо гэмгүй амьтан болж жүжиглээд яах вэ дээ.

0  |  0
Top