Ховд аймгийн Засаг даргын ивээл дор Зуун буудалт даамын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн боллоо. Ховд аймгийн Даамын холбоо нь 1988 оноос эхлэн 31 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Энэхүү тэмцээнийг 2019 он гарснаар анх удаа зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Ховд аймгийн 17 сумын нийт иргэдийн дунд эрэгтэй, эмэгтэй хоёр төрлөөр нас харалзахгүй зохион байгуулсан тус тэмцээнд 5-80 насны нийт 80 гаруй иргэн оролцож, оюун ухаан, ур чадвараа дайчлан өрсөлдөв.
Тус тэмцээн нь швейцар системээр явагдсан ба нэг өргийн үргэлжлэх хугацаа нэг цаг байсан. Тэмцээний эрэгтэй төрөлд тэргүүн байрт Б.Нармандах /Төрийн банк/, дэд байрт М.Мейрамбек /Ховд сумын иргэн/, гуравдугаар байрт Х.Төмөрбаатар /ГХБХБГ/, Эмэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байрт Г.Сувдаа /Жаргалант сумын ЗДТ/, дэд байрт М.Оюунчимэг /Ховд их сургууль/, гуравдугаар байрт Н.Гантуяа /Жаргалан багийн иргэн/ нар тус тус шалгарч, өргөмжөл, медаль, мөнгөн шагнал гардан авав.
Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд даамын спортын мастер зэрэгтэй нэг тамирчин, дэд мастер цолтой 10 гаруй тамирчин, тус спортыг сонирхон хичээллэдэг 100 орчим иргэн бий. Орон нутагт даамын спорт клуб байхгүй бөгөөд цаашид ерөнхий боловсролын сургуулиудыг түшиглэн даамын клуб байгуулж, хүүхэд багачууд, өсвөр үе, залуучуудыг энэ төрлийн спортоор хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Мөн цаашид насанд хүрэгчид ба өсвөр үеийн даамын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн, блиц буюу таван минутын тоглолт зэргийг аймаг орон нутаг, баруун бүсийн хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөөд байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 0 )