“Универсиад 2019” наадамд Монголын 33 тамирчин өрсөлдөнө

Админ | Zindaa.mn
2019 оны 06 сарын 25

Итали улсын Наполи хотноо болох 30 дахь удаагийн зуны “Универсиад”-д оролцох Монголын баг тамирчдыг үдэх ёслол өнөөдөр (2019.06.25) боллоо.  

“Универсиад” наадам энэ сарын 3-14-ны хооронд үргэлжилнэ. Манай улс эл наадамд 21 дэх удаагаа оролцож байгаа бөгөөд байт харваа, буудлага, жудо, таеквондо, теннис, усан сэлэлт, ширээний теннис гэсэн спортын долоон төрөлд 13 дасгалжуулагч, 33 тамирчин, нийт 46 хүний бүрэлдэхүүнтэй оролцоно. Наадамд оролцох дасгалжуулагч, тамирчдын байрлах байр, тэмцээний үеэр гарах зардлыг Биеийн тамир спортын газар хариуцахын сацуу “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн зүгээс санхүүгийн туслалцаа, дэмжлэг үзүүлж байгаа ажээ.  Мөн Монголын оюутны спортын холбоо /МОСХ/ тамирчдад зориулан долоон иж бүрдэл хувцас бэлтгэснийг тамирчдад гардуулсан.

Энэ удаагийн наадам Олон улсын оюутны спортын холбооны бүрэн эрхт гишүүн Монголын оюутны спортын холбоо /МОСХ/-ны түүхт 30 жилийн ойн үеэр болж байгаагаараа онцлог аж.

Баг тамирчдыг үдэс ёслолын үеэр нийт баг тамирчдыг төлөөлөн буудлагын үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Г.Нандинзаяа, таеквондогийн шигшээ багийн тамирчин, ОУХМ П.Тэмүүжин нар тангараг өргөж, жүдо бөхийн ОУХМ Ц.Цогтбаатар Монгол Улсын төрийн далбаа гардан, хүлээж авсан.

“Универсиад” наадамд оролцож байсан Монголын баг тамирчид өмнөх наадмуудаас нийт 11 алт, 16 мөнгө, 16 хүрэл медалийг спортын есөн төрөлд хүртэж байсан юм.

А.ЗОЛЗАЯА

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top