ОРХОН: Эрдэнэтчүүд Үндсэн хуулийг өөрчлөх төслийг хэлэлцэв

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 26

УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар өөрийн сонгогдсон тойрогтоо ажиллаж, иргэдийн саналыг сонсож байна. УИХ-ын гишүүн О.Содбилэг тойрогтоо хүрэлцэн ирж Орхон аймгийн Жаргалант сумын иргэд, сонгогчидтойгоо уулзан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулжээ. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн танилцуулгатай холбогдуулан иргэд асуулт асууж, саналаа хэллээ. Иргэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж буйгаа илэрхийлээд, цаашид хоёр, гурав дахь хэлэлцүүлгийн явцад Ерөнхий сайдаас бусад нь “давхар дээл”-гүй байх, сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох, УИХ-ын гишүүдийг хариуцлагажуулах, Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн тоо болон томилогдох хугацааг эргэн харах зэрэг саналууд гаргаснаас гадна Орхон аймгийг хотын статустай болгохдоо эдэлбэр газрын хэмжээг нарийвчлан заагаагүй, сумын Засаг даргыг иргэдээс сонгодог болох хэдий ч хэрэв огцорвол дараагийн Засаг даргыг аймгийн Засаг дарга шууд томилдог байх, аймгийн ИТХ-ыг сумын ИТХ-аас бүрдүүлдэг болох гэж байгаа зэргийг иргэд шүүмжилж байв. 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах энэхүү төсөлд Эрдэнэт, Дархан зэрэг хотуудыг улсын чанартай хотууд хэмээн нэр заах, мөн хотын эдэлбэр газрын хэмжээг нарийвчлан заассан заалт оруулах нь зүйтэй гэж байв. Үндсэн хуулийн шинэчилсэн төслийн хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн О.Содбилэг, Орхон аймгийн ИТХ-ын Ажлын алба, ЗДТГ хамтран өнөөдөр буюу 6 сарын 25-ны өдрийн 18:00 цагаас “Уурхайчин” соёлын ордны их танхимд Эрдэнэт хотын иргэдэд зохион байгуулах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top