Монгол Улсын төлөө зүтгэе!

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 26

Эгнэсэн цэргүүдийн алхаа ярс ярс                                                                               

Эр дүй хоолойгоор командлах яс тас

Жавхаа төгөлдөр тэдний өмнө

Жагсаалын дарга сүр бараатай

Эх орон гэж юу хэлэхийг

Эцгийн ёсоор зүрхэнд нь тэр хэлнэ

Эхэлж юуг хамгаалах ёстойг

Эгнээ дүүртэл тэр ойлгуулна

Нумын хөвч шиг хатуу тэр эр

Сумын зэв шиг хурц тэр эр

Мөнх тэнгэр ширтсэн эрхэмсэг тэр эр

Монгол гэсэн бичиг шигээ

Босоо тэр эрийг

Жаварт нугарч, жаргалд ташуурдаггүй Жагсаалын дарга гэнэ

Эгнээ бүхнээ хайрлан, бүгдийн түрүүнд явах тэр эрийг эх орны цэргүүдийн Бага дарга гэж нэрлэдэг ээ...

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор төрийн цэргийн байгууллагуудад алба хаасан үе үеийн Жагсаалын дарга, Бага дарга нарын “Дурсамж уулзалт” өнгөрсөн долоо хоногт (2019.06.21) болсон юм. “Дурсамж уулзалт” баярын арга хэмжээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, НИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон төрийн захиргааны байгууллагуудад ажиллаж буй цэргийн алба хаасан алба хаагчдын төлөөлөл зэрэг 1300 хүн оролцсон юм.

Жагсаалын дарга нарын ийм өргөн бүрэлдэхүүнтэй анхны уулзалтад орон нутгаас 300, Улаанбаатар хотоос 1000 алба хаагч хүрэлцэн ирсэн байв. Олон үеийн ахмад дайчид, жагсаалын дарга, бага дарга нар нүдэндээ цогтой, сүр дуулиантай жагсаалын алхаагаар алхаж явахыг харах бахархам байлаа. 

Соёлын төв өргөөнд гол арга хэмжээ болсон юм. Соёлын төв өргөөний үүдэнд цэргийн бүх үеийн дурсамжийг сэргээж, сэтгэл хөдөлгөх үзэсгэлэн дэлгэн байршуулсан байна. Казарм, хувцас хэрэглэл, ахуйн хэрэглээ, аяга таваг гээд арми алба хаахаар очсон цэрэг эрс бүрийн танил, дотно эд зүйлс. Сэтгэлд хургасан мэдрэмж. Тэндээс гитарын дуу, баян хуурын эгшиг, цэргүүдийн хөрслөг царай, сэтгэл, зорилго нэгдсэн эрчүүдийн нөхөрлөл үнэртэж байв. 

Жагсаалын дарга нарын анхны уулзалт цэргийн хатуу дэг журам, ёс суртахуунтай, зохион байгуулалт өндөр хэмжээнд байсанд ахмад дайчид сэтгэл өндөр байгаа нь илт. Ахмад дайчид цэгцтэй, басхүү энэ уулзалтдаа ач холбогдол өгч, ёслол төгөлдөр хувцасласан байлаа. Үе үеийн жагсаалын дарга, бага дарга нарын энгэрт гялалзах цол тэмдэг, медалиуд гайхалтай санагдав.

"Амрыг эрье, дарга аа" гэх мэндийн үгс зөрөх бүрт сонсогдоно. Үг, үйлдэл, алхам бүрээс нь хүндлэл, хүмүүжил шингэсэн ийм нэгэн уулзалт эрчүүдийг нэгтгэсэн юм. 

Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч
Сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ
Чин сайхан амрагтаа хэлж үзээгүй мөртөө
Чиний төлөө үхье гэж эх орондоо та нар минь тангарагласан билээ гэсэн үгээр ёслолын арга хэмжээг нээсэн нь санаандгүй үг биш юм. 

НИТХ-н дарга Р.Дагва уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Би 1987-1989 он хүртэл ардын армийн 124 ангид ахлах түрүүч цолтойгоор цэргийн алба хаасан. Дурсан санахад үнэхээр сайхан байдаг. Цэргийн алба хаасан гурван жилийн хугацаа боловсролын байгууллагаас олж аваагүй тэсвэр хатуужил, эх оронч үзэл, хамт олноо гэсэн чин сэтгэлтэй болгодог. Жагсаалын дарга нар болон алба хааж байсан ахмад дайчин нөхөд минь одоо салбар, салбартаа амжилттай ажиллаж, амьдарч байгаа нь бахархууштай билээ. Цэргийн алба хаах хугацаанд бие бялдар чангарч, эх орныхоо өнцөг булан бүрээс ирсэн газар газрын үе тэнгийнхэнтэйгээ үерхэн нөхөрлөж, насан туршийн анд нөхөд болдог. Чухамхүү энэ л үерхэл нөхөрлөл, өнөөдөр биднийг энэ танхимд цуглуулж, нэгэн зорилгын дор нэгтгэж байгаа нь гайхамшигтай. Улс орныхоо Батлан хамгаалах байдалд өөрсдийн ажил амьдралын туршлагыг нэмэрлэж, залуу үеэ эрэлхэг дайчин болгон хүмүүжүүлэхэд Монгол цэргийн нэгдсэн холбоотой хамтран ажиллаж, хүч нэмэхээр жагсаалын дарга болон бага дарга нараас энэ уулзалтын санааг гаргахын сацуу холбоо байгуулсан" гэдгийг онцолсон юм.

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулзалтад зориулж “Дурсамж уулзалт миний хувьд сэтгэл догдлуулсан, залуу насны ааг, омог, дурсамж сэргээсэн, эх орон ард түмэн гэж ямар үнэ цэнэтэй, цэрэг эрс гэж ямар агуу үе байдгийг санагдуулсан, сайхан уулзалт болж байна. Би болон миний ах, дүү хоёул цэргийн алба хаах хугацаандаа жагсаалын дарга байсан. Ах минь 1971 онд Зэвсэгт хүчний 107 ангид, дүү маань 1987 онд Зүүнбаянд алба хаасан. Би хувьдаа ах, дүү гурвуулаа жагсаалын дарга байсанд бахархаж явдаг. Бага дарга нар зөв, хөдөлмөрч, ёс зүйтэй, зохион байгуулалт сайтай байвал ахлагч, офицер удирдлагад хүртэл сэтгэл санааны хувьд тайван амгалан байдаг. Цаашид эх орноо хөгжүүлэх, хүүхэд, залуусыг соён гэгээрүүлэх, цэрэг эх оронч үзлээр хүмүүжүүлэхийн төлөө  төр, засагтайгаа хамтран ажиллахыг хүсч байна" гэсэн үг хэлсэн юм. 

Анхдугаар уулзалтын хүрээнд Жагсаалын дарга, бага дарга нарын “Монгол цэргийн нэгдсэн холбоо” ТББ байгууллагын дэргэдэх “Бага дарга нарын” холбоо байгуулагдаж, ерөнхийлөгчөөр нь НИТХ-ын дарга Р.Дагва сонгогдон, ажиллахаар боллоо.

Бага даргыг цэрэг дайчдыг өөрийн биеэр үлгэрлэх, хичээл сургууль, сахилга дэг журам, харуул манаа, буудлага жолоодлого, уралдаан тэмцээн болон цэргийн олон талт үйл ажиллагаанд байнга тэргүүлэгч, хошуучлагч байх боломжтой цэргүүдээс томилдог билээ. Тэднийг байлдагч нарт үлгэр жишээ байхыг Зэвсэгт хүчин шаарддаг.

Тийм ч учраас үе үеийн жагсаалын дарга, бага дарга нар болон цэргийн алба хаасан бэлтгэл дарга, цэрэг эрчүүд, эх орон нь дуудсан цагт хэзээд бэлэн байх эрчүүдээрээ бахархья.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top