БАГАНУУР: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөгөөн боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 27

Дүүргийн төр захиргааны байгууллагын зүгээс хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн оролцоог сайжруулах, тэдэнд зориулсан дэд бүтцийн болон үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт хандлагыг өөрчлөх, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Mongolian try-2019” хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын нөлөөллийн үйл ажиллагаанд нэгдэж, үүний хүрээнд “Бид нэг дүүргийнхэн” өдөрлөг, “Хамтын хичээл зүтгэл оролдлого” дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөгөөнийг зохион байгууллаа. 

Өдөрлөгт дүүргийн удирдлагууд хороодын хөгжлийн бэрхшээлтэй хүн, тэдний асран хамгаалагч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн төлөөлөл 50 гаруй хүн, “Mongolian try-2019” нөлөөллийн үйл ажиллагаанд оролцогчид нийт 100 гаруй хүн хамрагдлаа. Өдөрлөгт оролцож байгаа нийт хүмүүсийг Эрүүл мэнд, спортын, ярилцлага, завьны аялал гэсэн дөрвөн өртөөгөөр аялуулсан. Үйл ажиллагааг зохион байгуулахад Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтсийн хамт олон дэмжлэг үзүүлэн хамтран ажиллалаа. Зөвлөгөөнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Жайка олон улсын байгууллагаас урилгаар албаны хүмүүс оролцож, тус байгууллагуудаас хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, хуулийн хэрэгжилт, бусад улс орны сайн туршлагын талаар дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд илтгэл тавилаа. Мөн “Mongolian try-2019” нөлөөллийн үйл ажиллагааны багийн  ахлагч, дүүргийн Хөдөлмөр хамгааллын үйлчилгээний хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтсүүдийн мэдээллүүд болон дүүргийн төр захиргааны байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй хүний талаар хийж хэрэгжүүлж байгаа ажлыг танилцуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санал хүсэлтийг сонсож, зөвлөгөөнөөс уриалга гарган, дүүргийн бүх байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хүргүүлэхээр болсон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top