Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт Булган хотоос баруун хойш 80 орчим километр зайд Хөвсгөл явах төв замын баруун талд Уран, Тулга, Тогоо, Жалавч гэдэг дөрвөн унтарсан галт уулс оршдог. Дөрөвдөгч галавын үед оргилж байсан уулс бөгөөд хамгийн сүүлд 20-25 мянган жилийн тэртээ унтарчээ. Уран тогоо уул далайн төвшнөөс дээш 1686 метр өндөр, өрхний амсар нь сэтрээгүй бүтэн, 500-600 метр өргөн голчтой, гүн нь 50-60 метр юм. Тогоондоо 20 метр орчим голчтой, 1.5 метрийн гүнтэй дугуй хэлбэрийн нууртай бөгөөд нуурын эргэн тойронд ой мод хүрээлсэн байдаг. Уран уулын баруун өмнө 12 километр зайд Тулга, Тогоо, Жалавч гэсэн гурван унтарсан галт уул бий. Тулга уулын тогоо нь зүүн хойшоо, урагшаа, баруун хойшоо сэтрэн элэгдэж эвдрээд тулганы гурван чулуу шиг гурван хэсэг дугуй ханан толгой болон үлджээ.
Далайн төвшнөөс дээш 1540 метр бол Тогоо уулын өндөр нь 1620 метр, түүний баруун талд Жалавч уул 1560 метр өндөр байдаг. Тогоо уулын өрхний амсар нь сэтрээгүй бүтэн бөгөөд хөндлөнгөөрөө 400 метр орчим, гүн нь 100 метр бөгөөд үнэхээр том хонин тогоо шиг хэлбэртэй. Эдгээр уулуудыг 1965 онд улс хамгаалалтад авч 5800 га газрыг хамруулан байгалийн дурсгалт газар болгожээ. Шинэсэн ой голлохоос гадна улиас, улиангар, хус ургана. Буга, аргаль, бор гөрөөс, гахай, янгир, тарвага, зурам, бор туулай, хөвдний бор оготно зэрэг ам амьтад бий. Ятуу, бор шувуу, ууль, харцага, хөхөө, өвөөлж байдаг ба Уран тогооны нууранд ангир ирж зусдаг. Их тогоо уулын хавь нутагт булш, хиргисүүр нилээд бий.
Сэтгэгдэл ( 0 )