Монгол Улсын ардын зураач, МУЭ-ийн шагналт Б.Чогсом, Монгол Улсын ардын зураач, Төрийн шагналт Д.Болд нарын хамтарсан “Урлагийн амьдрал” уран бүтээлийн үзэсгэлэн долоодугаар сарын 1-28-ны өдрүүдэд "Монгол арт" галерейн танхимд дэлгэх гэж байна.
“Урлагийн амьдрал” үзэсгэлэнд дэлгэгдэх Б.Чогсомын 1958-1982 оны судалбарууд болон “Монгол арт” галерейн сан хөмрөг дэх уран бүтээлүүд нь тухайн цаг үед улс оронд өрнөж байсан бүтээн босголтын үйл явцаас баримтжуулснаараа өндөр ач холбогдолтой, дахин давтагдашгүй үнэ цэнэтэй юм. Түүний урын сан дахь олон төрөл зүйл, сэдэв агуулгыг хамарсан 2000 гаруй бүтээл нь нийгмийн амьдралыг эерэгээр өөрчлөхүйц үлгэр жишээ үйл явдлыг тусгахыг эрхэмлэсэн байдгаараа онцлог бөгөөд тойм дүрслэл, нягт цулгуй өнгө, бэлгэдлийн хэллэгээрээ тун шинэлэг, өвөрмөц байдаг билээ.
Харин ардын зураач До.Болд 2017-2018 онд бүтээсэн абстракт зургуудаа түлхүү дэлгэсэн нь сүүлийн үед түүний амьдралд гарсан өөрчлөлтүүдээс үүдсэн сэтгэл санааны байдлаа үзэсгэлэнгээрээ хуваалцаж байгаа ажээ.Түүний зургийн хавтгай дээр тоглох зураас, өнгө, тэдгээрээс үүссэн янз бүрийн үл танигдах дүрсүүд бол та бидний амьдралын явцад нийгэм, хувь хүмүүстэй харьцахад илэрч байдаг баяр баясгалан, айдас түгшүүр гээд өөдрөг эсвэл уруу сэтгэл догдлол, сайн муу бодол санаа, эерэг сөрөг мэдрэмжийг төлөөлөх дүрслэлүүд юм. Эдгээр нь агуу В.Кандинскийн онолд тулгуурласан оюун санааны ертөнцийг илэрхийлэх арга билээ.
Монголын суу билэгтс зураачдын ховор, нандин бүтээлүүд дэлгэгдэх, онц сонирхолтой үзэсгэлэнг дүрслэх урлаг сонирхогч хэн бүхэн алдалгүй үзээрэй.
Сэтгэгдэл ( 0 )