НАСА Титан руу дрон нисгэнэ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 28

АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг Санчир гарагийн хамгийн том дагуул болох Титан руу нисгэгчгүй сансрын хөлөг нисгэж, тус гараг дээр амьдрал бий эсэхийг судлахаар төлөвлөж байна.

2026 онд хөөргөх “Dragonfly /Тэмээлзгэнэ/” хөлөг 2034 онд газардах бөгөөд эрт цагийн манай гарагтай ижилхэн, ихээхэн хэмжээний агаар мандал бүхий мөсөн дагуулыг хөндлөн гулд судлах аж. Манай гарагийг эс тооцвол, Титан нь газрын гадаргуудаа ус бус, харин метан, этан зэрэг нүүрс устөрөгч бүхий шингэн гол, нуур, тэнгистэй цорыг ганц сансрын биет юм. Энэхүү нууцлаг далайн ертөнцөд хийх айлчлал манай ертөнцийн амьдралын талаар бидний мэдэж буй зүйлийг үндсээр нь өөрчлөх боломжтой гэж НАСА агентлагийн төлөөлөгч Жим Брайденстайн онцолжээ.

“Dragonfly” сансрын хөлөг найман сэнстэй байх бөгөөд том хэмжээний дроны шиг нисэх гэнэ.

Манай гараг шиг Титан гарагийн агаар мандал гол төлөв азотоос бүрдсэн байдаг ч дөрөв дахин нягт гэнэ. Титан гараг дээр ордог бороо болон үүл нь метанаас бүрдсэн байдаг аж. Манай нарны аймагт хэмжээгээрээ хоёрт ордог энэхүү дагуулын гадаргуу дээр зузаан мөсөн бүрхүүл тогтсон байдаг ба мөсөн бүрхүүлийн доор эхнээсээ л уснаас бүрдсэн далай байдаг. Газар доорх далайд амьдрал байх магадлалтайгаас гадна сарны гадаргуу дээрх нүүрс устөрөгчийн нуур, тэнгист өөр төрлийн химийн бүтэц бүхий амьдрал байж болох талтай гэж эрдэмтэд үзэж байна.

Титан гараг нарнаас 1.4 тэрбум км зайд оршдог бөгөөд хөрсөн дээрх агаарын температур нь -179 орчим хэм бол даралт манай гарагийн агаарын даралтаас 50 хувиар өндөр байдаг аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top