Дараагийн 25 жилийн төлөө хундага тулгацгаая!

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 30

Ердөө л өөрийнхөөрөө дуулж өнгөрүүлсэн 25 жил нь зөвхөн түүний өмч хөрөнгө төдий биш харин энэ цаг үеийнхний үнэт зүйлсийн нэг болтлоо кодлогдсоныг тултлаа мэдрэх ямар байсан бол оо? Яг энэ асуултыг л Баачкад тавих сан...

“Никитон” гэдэг нэр нь хүртэл нэг л харь сонсогдож байсан энэ хамтлаг 25 жилийн турш дуулсан дуу бүрээрээ, дууны мөр шад бүрээрээ манай цаг үеийнхний хайр, гуниг, харуусал... гээд хамаг нандин дурсамж, сэрэх мэдрэхүйнх нь нэгээхэн эд эс нь болтлоо ижилссэн гэдгийг тэдний 25 жилийн ойн тоглолт ойлгууллаа. Баачка өөрийгөө FERRARI гэж дутуу үнэлж байжээ. Тэр одоо тэргүүн дээрээ хааны титэм тавьсан ч хэн ч шоолохгүй юм байна.

Урлаг гээч зүйл хувь хүнд бурхнаас өгсөн авьяас, билгээр бүтдэг бодьгалын өмч байдаг. Харин тэрхүү урлагаар илэрхийлэгдэх соёл, сэрэл мэдрэхүй, гоо сайхан гэдэг зүйл бүхэл бүтэн үндэстэнд шэйрлэн дамжуулж болдог үнэт зүйл ажээ. “Никитон” хамтлаг, түүний сүр сүлд болсон Баачкагийн дуу хоолой нэгэн цаг үеийнхний сэтгэлийн соёл, гоо сайхныг бүтээгээд зогсохгүй яг л ямар нэгэн халдвар шиг дамжуулан түгээсэн юм байна. 

Цэнгэлдэх хүрээлэнг дүүргэсэн үзэгч, шүтэн бишрэгчид нь “Никитон”-оор хүмүүжсэн цэцэрлэгийн хүүхдүүд ч юм шиг. Цэнгэлдэх хүрээлэн жижигхэн тоглоомын талбай болоод хувирчихсан ч юм шиг нэг тийм цул бүхэл мэдрэмж... Эсвэл хүчирхэг дуу хоолой, нүргэлсэн амьд хөгжмийн дуугаралт, үзэгчдийн сэтгэл хөдлөлийг дийлэхгүй хэзээ мөдгүй хэдэн тийшээ хуваагдах гээд байгаа ч юм шиг тийм задгай эрх чөлөөтэй мэдрэмж...

Сарантуяа, Ариунаа, Лхагвасүрэн, Алтаа, Дээгий, Болд, Сэрчмаа, Соёл-Эрдэнэ, Харанга, Хар сарнай, Нисванис, Номин талст, Камертон, Люмино... Тэдний дуунуудыг мөр, мөрөөр нь, бадаг бадгаар нь салгаж байгаад дараа нь хөзөр шиг хооронд нь хольж байна гээд төсөөл дөө. Тийм эмх цэгцгүйн дундаас ч гэсэн энэ хорин таван жилд бидний туулсан амьдралын мөчүүд, амссан баяр жаргал, зовлон гуниг, хөгжил баясал, хамгийн тод дурсамжууд тэр чигтээ амтагдах вий. Яг тийм дурсамжуудыг маань хамгийн нандин гоёор, хамгийн чангаар илэрхийлэн хөгжмийн нүргээнтэй хамт зүрхэн дээр маань зай завсаргүй бөмбөрдсөн “Никитон”-ы 25 жилийн тоглолт тэр чигтээ гайхалтай байлаа.

Тайзан дээрх хамгийн сүүлийн дууг сэтгэл хоргодон сонсох, тоглолт дуусгаад цэнгэлдэхийн хаалгаар гарч одох.. харьчихаад унтаж чадахгүй догдлох нь хүртэл хачин сайхан үдэш байлаа. Энэ бүхэн төгсгөл биш эхлэл гэж бодох нь хүртэл сайхан. “Никитон”-той хамт угтах дараагийн 25 жилийн төлөө өөрөө өөртэйгээ хундага тулгамаар тийм ЯЛГУУН шөнө... Дахиад 25 жил дуулах ёстой шүү, Баачка аа! 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Гэрэл зургийг Ц.БАЯРБААТАР


 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ard(143.176.142.132) 2019 оны 06 сарын 30

mundag gj helehees oor yu gehev de ,mongoliig rok pop anh udaa baildan daguulla ,Baachka chi shuu

0  |  0
Top