Утга зохиолын аварга том "Цох хорхой" өнөөдөр мэндэлжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 03

“Нэг өглөө Грегор Замза хар дарсан зүүднээсээ сэртэл аварга том шавьж болчихсон орон дотроо хэвтэж байх нь тэр” хэрэв энэ эхлэлийг та уншиж байсан, уншаад гайхширч байсан бол өнөөдөр таны хувьд тэмдэглэлт өдөр мөнөөсөө мөн.

 Энэ эхлэл л зохиолч Франц Кафкагийн "Хувирал" туужийг мөнхийн настай болгосон гэж түүний олон, олон үнэнч уншигч нь дүгнэдэг гэдэгт итгэлтэй байна. 


БОГИНО ТҮҮХ

Германы зохиолч Франц Кафка 1883 оны долоодугаар сарын 3-ны өдөр буюу өнөөдөр мэндэлжээ. Чехийн Праг хотноо худалдаачин еврейн гэр бүлд төрсөн тэрээр герман хэлт утга зохиолын хамгийн том төлөөлөгчдийн нэг юм. 

Кафка 41 наслахдаа хэзээ ч гэрлэж байгаагүй. Гэсэн ч түүний хайр дурлалыг илтгэсэн хэд хэдэн ил захидал бийг уншигч та мэдэх биз ээ. Ер нь түүний амьдрал тун нууцлаг, бөгөөд хачирхалтай. Түүнийг насаараа даатгалын компанид ажиллаж, үргэлж сэтгэлийн гутралтай явдаг байсан гэдэг. Улмаар Кафкаг уушгины сүреэгээр өвдөж 1924 оны зургаадугаар сарын 3-ны өдөр нас барсан гэж түүхийн хуудаснаа сийрүүлсэн байдаг.

 


 

ЖИНХЭНЭ "ХУВИРАЛ"

Кафка аавтайгаа таагүй харилцаатай байсан нь “Хувирал”, “Шүүлт” зэрэг бүтээлүүдэд хүчтэй нөлөөлсөн гэж зарим судлаачид дүгнэдэг. Харин зарим нь зохиолчийн хувийн амьдрал бүтээлтэй нь ямар ч холбоогүй хэмээн мэтгэдэг. Аль нь ч байсан Франц Кафкагийн дэлхийн уран зохиолд оруулсан хувь нэмэр, түүнээс хойш өссөн үүрэг нөлөөтэй санал зөрөлдөх хүн үгүй биз ээ.

Хожим Франц Кафкагийн "Хувирал" олон арван судлал, шүүмж, кино бүтээл болон гарсан байдаг.  Магадгүй хожим “Хувирал” шиг "эхлэл"-тэй зохиол мэдээж маш олон бичигдсэн. Одоо ч бичигдсээр л байгаа байх. Гэвч түүн шиг тэсрэлт хараахан болоогүй л байна. 

 

 

Кафка амьд ахуйдаа богино өгүүллэгийн хэд хэдэн түүвэр, мөн "Галч", "Хувирал" зэрэг цөөн хэдэн зохиолоо хэвлүүлж олны хүртээл болгосон. Харин нас барсан хойно нь түүний найз Макс Брод "Үйл явц", "Америк", "Шүүх ажиллагаа", "Цайз" зэрэг бичиж үлдээсэн зохиолыг нь хэвлүүлсэн өрнө дахины уран зохиолын ертөнцөд жинхэнэ "Хувирал"-ыг авчирсан билээ. Монгол уншичгид ч мөн Кафкаг "Хувирал" туужаар нь түлхүү мэдэх билээ. 

Ямартай ч өнөөдөр Кафкагийн мэндэлсэн өдөр. Түүний аж амьдрал, бие цогцос 20-р зуундаа шингэсэн ч бидэнд үлдээсэн зохиол, бүтээлүүд нь одоо ч амьдарсаар байна. Хэрэв хажууд чинь түүний ямар нэгэн зохиол байгаа бол яг одоо дэлгэхийг санал болгоё. Өмнө нь ер уншиж үзээгүй бол уншаад нэг үзээрэй. Түүний зохиолыг уншсан хүн нэг бол Кафкагийн бүтээлүүдэд ухаангүй дурладаг, аль эсвэл ум хумгүй зугтдаг гэж уншигчдыг хоёр ангилж болох юм. Харин та аль ангилалд нь багтах вэ?

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top