Хүний хөгжил сангийн өрийг  БҮРЭН ТӨЛЖ дуусгасныг Сангийн сайд мэдэгдлээ

2019 оны 07 сарын 03

-"Ирээдүйн өв сан” хуримтлалын сангийн үүргээ гүйцэтгэх тохироо бүрдээгүй байна-

Хүний хөгжил сангийн 1,072 тэрбум төгрөгийн өрийг өнөөдөр /2019.07.03/ бүрэн төлж дуусгалаа гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдлээ. Мөн тэрбээр Монгол Улсын Баялгийн сан болох Ирээдүйн өв санд түүхэндээ анх удаа мөнгө хуримтлагдаж эхэллээ. Ирээдүйн өв сан 167 тэрбум 300 сая төгрөгтэй боллоо гэв.

Тодотгоход, манай улсад баялгийн сангийн хэв маягтай хоёр сан бий. Нэг нь Тогтворжуулалтын сан нөгөө нь Ирээдүйн өв сан. Засгийн газар энэ жил Ирээдүйн өв санд нэг их наяд төгрөг хуримтлуулахаар төлөвлөсний тэн хагас нь Хүний хөгжил сангаас засаг засаг дамжин уламжлагдан ирсэн өрийг барагдуулна гэж байсан.

Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар тус санд 255.9 тэрбум төгрөг төвлөрсөн гэх мэдээлэл байсан. Тэгвэл өнөөдөр салбарын сайдын өгч байгаа мэдээллээр Хүний хөгжил сангийн өрийг бүрэн төлж дуусгажээ.

Тэгэхээр цаашид Ирээдүйн өв сан баялгийн сангийн үүргийг гүйцэтгэх үү гэдэг асуулт гарч ирж таарна. Энэ сан бол 2016 онд батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийн дагуу 2017 онд нөхөн сэргэхгүй эрдэс баялгаас төсөвт төвлөрүүлсэн орлогыг өнөө ба хойч үеийнхэнд тэнцвэртэй хуваарилах зарчмыг хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан хуримтлалын сан юм. 

 2017 онд сангийн орлого 358 тэрбум төгрөг байсан. Ирээдүйн өв сангийн тухай хуульд зааснаар 2030 он хүртэл сангийн хөрөнгө зөвхөн удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбоотой зардал болон хөндлөнгийн аудитын зардалд зарцуулагдах учиртай. Гэхдээ улс төрийн шийдвэрийн дагуу  сангийн орлогыг Хүний хөгжил сангийн өрийг төлж барагдуулах болон 2022 он хүртэл төсвийн алдагдал санхүүжүүлэхэд зарцуулахаар журам гарсан юм. Ирэх жил сонгууль болно. Сонгууль угтаж хөөсөрсөн төсөв батлах магадлал бийг хаа хаанаа мэдэж буй.  

Товчхондоо бол  “Ирээдүйн өв сан” өнөөдрийн тухайд хуульд тусгасан хуримтлалын сангийн үүргээ гүйцэтгэх тохироо бүрдээгүй дүр зураг ноёлж буйг хэлэх хэрэгтэй. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top