Хамгийн эртний пирамидад хойд нас руу хөтлөх зам олджээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 04

Археологичид Египетийн хамгийн эртний болох Джосерын пирамидыг тойруулан ухсан суваг шуудууны нууцыг тайлахад ойрхон очжээ. Джосер /М.Э.Ө.2667-2648/ нь пирамид бунханд оршуулсан анхны Египетийн фараон юм.

Каир хотоос холгүй орших Сакарра үхэгсдийн хотхон дахь “хуурай суваг” нь фараоныг үхлийн дараах амьдралд хүргэх замын гурван хэмжээст загвар гэж Варшавын их сургуулийн Камил Курашкевич үзэж байна.

Хаданд ухаж гаргасан 20 метр гүн, 40 метр өргөн энэхүү суваг нь 750х600 метр хэмжээтэй ариун бүсийг хүрээлдэг байна. Бунхан нь дэлхий дээр хадгалагдаж үлдсэн хамгийн эртний чулуун байгууламж болох Джосерын пирамид болон зэрэгцэн орших бүсийн байгууламжуудаас бүрддэг.

Курашкевичээр ахлуулсан археологичдын баг 20 жилийн туршид Сакаррад археологийн судалгаа хийж байгаа бөгөөд малтлагын явцад пирамид сүндэрлэн босохоос өмнө баригдсан гэгддэг хөндлөн хонгилыг илрүүлж байжээ. Удаан хугацаанд энэхүү хонгилын нууцыг эрдэмтэд тайлж чадаагүй байна. Пирамид руу хөтөлдөг эдгээр хонгилын нэг нь 20 метр урттай бөгөөд жижиг хэмжээний өрөөтэй холбогддог аж. Эл өрөөнд могойн дүрсний сийлбэр бүхий шашны зан үйлд хэрэглэдэг гинжит жад олдсон байна.

Курашкевичийн таамаглаж буйгаар, энэ зэвсэг фараонд учирч болзошгүй аюул эсвэл эсрэгээр түүнийг үхлийн дараах амьдралд хөтлөх замыг хамгаалах хэрэгсэл байсан байх боломжтой. Хойд насанд аюул, бартаа ихтэй замыг туулж хүрдэг гэж египетчүүд үздэг байжээ. Талийгаач мөнхийн амьдралд хүрэхээсээ өмнө хэд хэдэн саадыг туулж, олон төрлийн аюултай адгуус, араатантай тааралддаг гэж тэд итгэдэг байжээ.

Хэрэв энэ таамаг үнэн бол одоо илрүүлээд буй хонгилуудтай зэрэгцэн өөр хонгилууд байх учиртай гэж эрдэмтэд үзэж байна. “Хуурай сувгийн” баруун хэсэгт илрүүлсэн ер бусын байгууламжууд анхаарлыг мөн татдаг.

Хонгилд өргөн завсар бүхий хөндлөн хана, шат болон хананд ухсан гүн хонхор байдаг бөгөөд эдгээр нь фараоныг үхлийн дараах амьдралд хүрэх замд таарах саадын үүргийг гүйцэтгэдэг байсан байх боломжтой гэж эрдэмтэд үзэж байна.

Түүнчлэн, Джосерын пирамид доторх дүрс бичгүүд эртний египетчүүдийн хойд насны талаарх итгэл үнэмшилтэй холбоотой ямар нэг санааг илэрхийлдэггүй гэж Египет судлаач онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top