“Халдварт бус өвчин, Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах тусламж, үйлчилгээний зайлшгүй шаардлагатай багцыг эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний түвшинд нэвтрүүлэх "MOНГПЕН загвар” төсөл орон нутгаас анх удаа Дарханд хэрэгжихээр уржигдар /2019.07.05/ нээлтээ хийлээ. Дэлхий дээр зүрх судасны өвчлөлийн шалтгаанаар жилд дунджаар 17.9 сая хүн нас барж байна. Монгол хүн амын дундах зүрх судасны тогтолцооны өвчлөл сүүлийн 10 жилийн хугацаанд хоёр дахин ихсэж нас баралтын шалтгааны 34.4 хувийг эзэлж байна.
Энэ нь хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон хэвээр байгаа юм. Иймээс энэхүү төслийг Дархан-Уул аймгийн 3 сум, 5 өрхийн эрүүл мэндийн төв, Нийслэлд Сонгинохайрхан дүүргийн 8 өрхийн эрүүл мэндийн төвд хэрэгжүүлэх аж. Загвар төсөл хэрэгжсэнээр сум, өрхийн эрүүл мэндийн төвд ирсэн үйлчлүүлэгч бүрийн Зүрх судасны өвчнөөр өвдөх, тархинд цус харвах эрсдэлийг тодорхойлж, эрсдэлд суурилсан эрүүл мэндийн стандартчилсан зөвлөгөө өгөх, эмчилгээний үр дүн, явцын хяналтыг график үзүүлэлтээр хянах цахим автомажсан шинэ арга технологийг нэвтрүүлж, цаасан маягтыг халсан, хамгийн гол нь эмч мэргэжилтний ачааллыг бууруулж, иргэдийн эрүүл мэндээ хянах боломжийг олгох давуу талтай юм.
Эх сурвалж: Darkhan.gov.mn
Сэтгэгдэл ( 0 )