Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2019.07.08/ төрийн дээд цол, одон, медалийг ажил үйлсээрээ манлайлагчид, гавшгайлагчдад хүртээлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монголын орчин үеийн хөгжмийн урлагийг хөгжүүлж, дэлхийд улсаа сурталчлахад оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, "Чингис хаан" одонт хөгжмийн зохиолч Б.Шарав, Төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн юм.
ИХ УРЛАГТ 50 ЖИЛ ЗҮТГЭСНИЙ ҮР ШИМ ИРЖ БАЙНА
-Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Б.Шарав: Том баярын өдөр тохиож байна. Монголын үндэсний их урлагт хоёргүй сэтгэлээр 50 жил зүтгэсний маань үр шим над дээр болон манай урлагт ирж байна гэж бодож байна. Гэхдээ энэ бол ганцхан миний гавьяа биш. Надтай хамт ажилладаг манай нөхдийн, уран бүтээлчдийн бүгдийнх нь шагнал. Дээр нь Монголын минь ард түмний хийж бүтээсэн их урлаг, ард түмнийхээ амьдралыг тулгуурлан, тэрийгээ гол үзэл баримтлалаа болгосны маань ач буян намайг ивээлээ. Миний уран бүтээлийг үргэлж үнэлж байдаг ард түмэндээ, үргэлж дэмжиж байдаг төр засагтаа үнэхээр их баярлаж байгаагаа хэлье. Энэ том шагнал бол миний уран бүтээл ирж байгаа, хамтарч ажилладаг нөхдөд минь ирж байгаа хөдөлмөрийн минь үнэ цэнэ гэдгийг дахин хэлье. Монголын урлаг, хөгжмийн уран бүтээлийг улам өндөрт хөгжүүлж авч яваарай гэж хүсье.
* * *
МОНГОЛЫН ТӨР ХӨГЖМИЙН УРЛАГИЙГ ҮНЭ ЦЭНТЭЙ ГЭДГИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
-Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноров: Монголчуудын тусгаар тогтнолын билгэ тэмдэг, үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гарамгай хөгжмийн зохиолч Б.Шаравын хамт төрийн дээд Хөдөлмөрийн баатар цол хүртлээ. Бид төрийнхөө хишгийг гүн хүндэтгэлтэй хүлээж авлаа. Бидний насан туршдаа зүтгэсэн хөгжмийн урлагийг Монголын төр үнэ цэнтэй гэдгийг баталгаажууллаа. Төрийн дээд шагнал гэдэг бол хувь хүний овог, нэр гэхээсээ илүү түүний бүтээсэн бүтээлийг үнэлж, цэгнэж, дахин баталгаажуулж байгаагийн гэрч бөгөөд түмэн олноо ийм бүтээл тууривал хийж, мэргэжил бүрээр өөрийнхөө авьяас чадварыг сорьж ажиллаж байхын уриалан дууддаг чухал зүйл.
Би Монголынхоо үндэсний соёл, урлагийн дэвшлийн төлөө чадах бүхнээрээ зүтгэх болно. Өчигдөр шагнал авахаа сонсоод “татвар төлөгчдийн мөнгөөр 20 жил үнэгүй сурсан. Төрдөө төлөх өр дуусаагүй л байгаа юм байна” гэж хүүдээ хэлж байлаа. Бид зөвхөн төрд биш өөртөө, энэ оронд маш их өртэй. Бид энэ эх оронд маш их өртэй шүү. Энэ өрөө дарахын тулд хүн бүхэн зүтгэх ёстой. Та бүхэн сайхан наадаарай. Аль бүтээлдээ илүү хайртай вэ гэж асууж байна. Хэдэн хүүхэд төрүүлээд хэнд нь илүү хайртай гэдэгтээ яг ижил асуулт. Хийсэн бүтээлийг маань дуучин, хөгжимчин, ард түмэн хайрлаж л байгаа бол тэр миний хайртай бүтээл. Би хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн асан Г.Батхүүд зориулж “Ах минь та” гэсэн дууг бүтээлээ.
Сэтгэгдэл ( 1 )
Баяр хүргэе. олон олон бүтээл туурвиж ард түмнийхээ сонорыг олон жил мялааж яваарай гэж ерөөе. Та хоёртоо эрүүл энх аз жаргал амар тайван сайн сайхан бүхнийг хүсэе