Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, аймгийн арслан Б.Эрдэнэхүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр /2019.07.08/ Улсын начин цол олгохоор болжээ.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал 2019.06.19-нд болж, бөхчүүдэд цол, чимэг олгуулах тухай Үндэсний бөхийн салбар хорооны саналыг хэлэлцсэн юм.
Өнгөрсөн жилийн баяр наадмаар буюу Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Б.Эрдэнэхүүгийн учраа бөх нь сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдож давааг нь хүчингүй болгосон тул Аймгийн арслан Б.Эрдэнэхүүд Улсын начин цол олгуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтсон юм. Мөн Улсын начин Ч.Хөхчирэнгэрт “Өсөх идэр” чимэг олгохоор Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос шийдвэрлэсэн.
Тэгвэл Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны саналыг Ерөнхийлөгч хүлээн авч, хуулийн дагуу бөхчүүдэд цол нөхөн олгох зарлигт гарын үсэг зурсан байна.
Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмын тавын таваанд Улсын гарьд Н.Ганбаатар нь аймгийн арслан Б.Эрдэнэхүүг өвдөг шороодуулсан ч сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон тул улсын наадамд давсан давааг хүчингүй болгож, Н.Ганбаатар гарьдын барилдах эрхийг хоёр жилээр хасах шийдвэрийг өмнө нь гаргаж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )